Тусгай хамгаалалттай газрын хэмжээг томсгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-04-12 14:12:01

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Ажлын баг Дорноговь Говьсүмбэр аймагт ажиллаж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа, шинээр улсын тусгай хамгаалалтад авч болох газар нутгийн байдал, ан амьтан, экологийн систем, түүх соёлын хосгүй үнэт өв бүхий газар нутгийн байдалтай танилцаж, санал бодлоо солилцсон байна.

Говьсүмбэр аймгийн түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнг хадгалсан Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтад, УИХ-ын 2011 оны 04 дүгээр тогтоолоор байгаль орчны тэнцвэр, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байсан бол тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг томсгохоор ярилцжээ.

Чойрын Богд ууланд аргаль, янгир, цагаан зээр, буга, чоно, үнэг, туулай, шонхор, тас зэрэг олон төрлийн ан амьтан идээшилдэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олон байдаг аж.

Тус ажлын баг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах зорилготой бөгөөд дээрх газрын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх аж. 

Ташрамд дурдахад, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дахь Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан орчмын газар нутаг, Шунхатын талыг улсын тусгай хамгаалалтад авах, Их нартын байгалийн нөөц газрын ангилал ахиулах асуудлуудыг ирэх зургадугаар сард багтаан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.

Related news