Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг ойн мэргэжлийн байгууллагууд дэмжин ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-04-19 16:21:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Гуравдугаар сарын 29-нд болсон аймгийн зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэг асуудал нь мэргэжилтэй боловсон хүчин улсын хэмжээнд дутмаг байна гэдгийг мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжилнүүд онцолсон. Тиймээс мэргэжлийн байгууллагууд бид өөрсдийн туршлага, боломжоороо төрийн байгууллагуудтай хамтран ажиллана гэв.

Тодруулбал, "Домогт Шарын гол" ХХК ойн салбарын залуу боловсон хүчин, ААНБ-ын хамт олонд сургалт зохион байгуулах, цаашлаад дадлага, туршлага дээр ажиллах боломжтойг дурдсан. Тус компани нь Хонгор сумын нутагт 1996 оноос хойш ойн аж ахуй эрхэлж байна. Ойн сандаа мод үржүүлгийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компани юм. Мод тарих нь ямар ач тустай, экологийн боловсролыг иргэн бүрт түгээхэд хорь гаруй жилийн дадлага туршлагадаа үндэслэн төрийн байгууллагуудтай хамтран сургалт, судалгаа, дадлага хослуулан хийхээр төлөвлөж байгаа аж.

Харин 2014 оноос хойш мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Алд дэлгэм” ХХК-ийн тухайд мод хэрхэн тарих, арчлалт хамгаалалтыг мэргэжлийн дагуу хэрхэн хийх, газар зүйн онцлог, түүнд тохирсон модыг хэрхэн сонгох тал дээр заавар зөвлөмж өгч ажиллахаар төлөвлөж байна. Моностой нөхөрлөлийн тэргүүн биологийн ухааны доктор Г.Цэдэндашийн зааврын дор анх үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өдгөө аймгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцож байна.

Тэд өөрсдийн санаачилгаар Дархан сумын хэд хэдэн газарт нийгмийн хариуцлагын хүрээнд болон орон нутгийн байгууллагуудтай хамтран төгөл бий болгож байна.

Мөн модны тарьц суулгацын тухайд дээрх байгууллагууд иргэн, ААНБ-ууд хөнгөлөлттэй үнээр худалдахын зэрэгцээ заавар зөвлөмжийг давхар өгч, шаардлагатай тохиолдолд ойн инженерийг ажиллуулж байгаа аж.

“Алд дэлгэм” ХХК-ийн хувьд энэ жилээс говь, цөлд ургадаг мод, бут, ургамлыг нутагшуулахад түлхүү анхаарч ажиллаж байна. “Домогт Шарын гол” ХХК-ийн тухайд жилдээ 100.000 суулгац бэлдэж байгаа төдийгүй 1.000.000 хүртэлх мод бойжуулах хүчин чадалтай ажээ.

Ойн салбарынхан тэр дундаа мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудад тулгамддаг асуудлууд нь мэргэжилтэй боловсон хүчин дутмагийн дээр гар ажиллагаанаас салж, механикжсан орчин үеийн ойн аж ахуйн чиглэл рүү шилжих явдал юм. Гэвч хөрөнгө, санхүүгийн байдлаас шалтгаалан боломж муу байдаг аж. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан мод, бут бүрээ ургуулахын тулд ойн мэргэжлийн байгууллагуудад төрийн зүгээс тодорхой хэмжээний анхаарал хандуулах нь зүйн хэрэг болж байна.

Түүнчлэн мод, суулгацын үнийг тогтоож ард иргэдэд ойлгуулах хэрэгтэйг ч онцолж байлаа. Учир нь ганцхан жишээ дурдахад, үрээр тарьсан шинэс модыг таван жил арчлан, хамгаалж 40 орчим см өндөр ургуулдаг аж. Тиймээс үнэгүй олгох гэдэг асуудлыг болих, бусдын хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй гэдгийг ч ойн салбарынхан онцолж байна.

Related news