Худалдааны гудамж бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-04-27 11:33:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх үүднээс гудамжны худалдааг энэ жил бий болгоно гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ. Ингэхдээ ямар нэгэн төрийн дарамт шахалт байхгүй, худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлэх аж. Тус гудамжийг бий болгосноор гудамжны худалдааны соёлыг нэвтрүүлэх, хөгжүүлэх эхлэлийг тавих юм. Дулааны улиралд хэрэгжих уг худалдааны гудамжинд үйл ажиллагаа явуулах иргэдэд дараах нөхцөлийг тавина. Үүнд хотын ногоон байгууламжийг сүйтгэхгүй байх, хог хаягдлаа өдөр бүр цэвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг шаардана. Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 16 давхраас ОХУ-ын Консулын уулзвар хүртэлх зайнд хэрэгжих бөгөөд зөвхөн худалдаа бус Street food хоол үйлдвэрлэлийг ч  зөвшөөрч байгаа юм.

Түүнчлэн Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд орон нутгийн зүгээс иргэдийн худалдаа эрхлэх боломжийг нээж 280 мкв талбай бүхий гадаа талбайн худалдааны төв бий болгоно. Ингэхдээ асар, лангуу зэргийг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэж өгөх бөгөөд ямар нэгэн зөвшөөрөл, түрээсийн төлбөр авахгүй гэдгийг мэдэгдлээ. Уг төвлөрсөн цэгт иргэд хүнс, ахуйн хэрэглээ, мах, сүү, цагаан идээ, номын худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа хийх боломжоор хангах аж. Тавигдах шаардлагын тухайд дээрх худалдааны гудамж эрхлэх иргэн ААНБ-д тавигдсан нөхцөлийг л хэрэгжүүлэхэд болох ажээ. Хэрэгжилтийн тухайд гадаа талбайд худалдаа хийх боломж нөхцөл бүрдэхээр эхлүүлэхээр төлөвлөжээ.

Related news