Архины хамааралтай иргэдийг эмчлэн, сэргээн засна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасаг хамтран архины хамааралтай иргэдийг хэвтэн эмчлүүлэх, сэргээн засах өрөөг байгууллаа.
Архины хамаарлаас салгах уг
эмчилгээг Сэтгэцийн тасгийн мэргэжлийн эмч, хамт
олныг түшиглэн байгуулсан бөгөөд, сэргээн засах дагнасан эмчилгээг нэг удаад 6
иргэнд 14 хоногийн хугацаанд үзүүлэх ажээ. Энэ хугацаанд хор
тайлах, тархи мэдрэлийн архаг ядаргаа тайлах, амраах эмчилгээ, мөн сэтгэл зүйн
ганцаарчилсан болон бүлгийн эмчилгээг явуулна.
Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат, аймгийн Цагдаагийн газрын дарга
Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс тус өрөөний засвар болон ашиглалтын нөхцөл
байдалтай очиж танилцлаа.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлийн дарга С.Насанбат энэ үеэр: “Архи, согтууруулах төрлийн ундааны
хамааралтай иргэд нь гэмт хэрэг зөрчилд өртөх хамгийн өндөр эрсдэлтэйн зэрэгцээ, гэр
бүл, ойрын хүрээллийнхэндээ биеийн болон сэтгэлзүйн
дарамт учруулдаг. Тиймээс энэ төрлийн эмгэгтэй хүмүүсийг сэргээн засах
эмчилгээнд хамруулж, цаашлаад тэднийг нийгэмшүүлэх, улмаар ХХҮГ-тай хамтран
ажил хөдөлмөр хийх боломж олгох асуудлыг давхар анхаарч ажиллах ёстой,
ингэснээр учирч болзошгүй олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг
онцоллоо. Мөн сэргээн засах өрөөг нэмж тохижуулахад
аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс
анхаарал хандуулна гэв.