“Хүмүүнлэг зүрх” өдөрлөгөөр 200 гаруй иргэн гишүүнээр элслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон улсын Улаан загалмайн хөдөлгөөн
үүссэний 103 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хороо 15
ажил хийхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд Орхон суманд “Нээлттэй хаалганы
өдөрлөг”-ийг энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөг “Хүмүүнлэг
зүрх” уриан дор болсон бөгөөд МУЗН-ийн
үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх,
гишүүд, дэмжигчид, сайн дурынхны эгнээг өргөжүүлж, хүн бүрийг хүмүүнлэг
энэрэнгүй байхад чиглэжээ.
Өдөрлөгийн эхэнд Дархан-Уул аймгийн УЗХ-ны
дарга Б.Отгонбаяр үйл ажиллагааны чиглэл, ивээн тэтгэгч онцгой гишүүдийн онцлог,
энэ оны эхний улиралд хийсэн ажлын талаар танилцуулсан. Тодруулбал, эхний улиралд 44.800.000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг
олгожээ. Үүнээс томоохон ажлын нэг нь өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан сүрьеэ өвчний хяналтад байдаг иргэдэд хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг
өгсөн юм.
Өдөрлөгийн үеэр Орхон сумын ёсдүгээр
цэцэрлэгийн нийт бяцхан сурагчид улаан загалмайн гишүүн болсон бол
багш ажилчдад батламж гардууллаа. Түүнчлэн Орхон сумын “Тохижилт үйлчилгээ”
ОНӨААТГ-ын хамт олон ивээн тэтгэгч, онцгой гишүүнээр элсэж батламжаа авлаа.
Тухайн сум МУЗН-ийн 400 гаруй гишүүнтэй аж.
Гишүүнчлэлийн хүрээгээ тэлж энэ өдөр ч мөн 200 гаруй гишүүн шинээр элссэн юм.
Мөн “Хүмүүнлэг хүүхэд”
алтан медалиар МУЗН-ийн ивээн тэтгэгч, онцгой гишүүнээр гурван жилийн өмнө
элссэн сурагч Э.Болор-Эрдэнэ шагнууллаа.
Хүмүүнлэгийн өдрийг угтан зохион байгуулсан
өдөрлөгийн хүрээнд тус сумын Багийн судалгааг үндэслэн хоёр Багийн таван өрхөд
хүнсний тусламж үзүүллээ. Түүнчлэн 120 гаруй хувцас, хэрэглэлийг анхан шатны
хороогоор дамжуулан иргэдэд хүргэв.
Өдөрлөгийн үеэр ивээн тэтгэгч, онцгой гишүүн дуучин МУСТА Д.Энхбат ая дуугаа өргөлөө. Дарханчууд энэ жилийн тухайд ирэх сарын 7-ны өдөр “Хүмүүнлэгийн өдөр”-ийг тэмдэглэнэ.






