Хүний их эмч, доктор Т.Сайнжаргал Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбарыг Монгол Улсад таниулсан түүх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-15 11:48:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбар тэр тусмаа БОЭТ, ЭМГ-ын суурийг тавилцсан эрхэм бол анагаах ухааны доктор Тавхайн Сайнжаргал юм. Тэрээр 1977 онд МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар томилогдож ирсэн. Тухайн үед доктор Т.Сайнжаргалыг Эрдэнэт хотод ирэхэд  эмнэлгийн боловсон хүчин, материаллаг бааз хангалтгүй, наад захын зүү тариур, функцийн зүү, хүчилтөрөгчийн уут ч байхгүй байв. Тиймээс тэрээр хамгийн түрүүнд яаралтай тусламж, төрөх, хүүхдийн тасгийн үйл ажиллагааг сайжруулах, эмнэлгийг орон байраар хангаж, иргэдэд хүртээмжтэй үйл ажиллагааг тасралтгүй үзүүлэх зорилгоор ажиллаж эхэлжээ. 

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Эрүүлийг хамгаалах хэлтсийг Эрүүлийг хамгаалах газар болгон өргөжүүлсэнтэй холбоотойгоор Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэг Эрүүлийг хамгаалах газрын харьяанд шилжсэн байна. ЗХУ-ын тусламжаар барьсан  Нэгдсэн эмнэлгийг 1981 онд ашиглалтад оруулахад Т.Сайнжаргал гуай гар бие оролцож удирдлага зохион байгуулалтад онцгой анхаарч ажилласан гэдэг.

Тус Нэгдсэн эмнэлэг 400 ортой, 130 хүүхдийн бие даасан больниц, хүүхдийн сүүний газар, Хялганат, Жаргалант хороонд их эмчийн салбар, Эрдэнэт үйлдвэрийн сувилал, Ясли, Эмийн сангийн систем бүхий 30 гаруй байгууллагаас бүрдэж байсан бөгөөд тэдгээрт 120 гаруй эмч, 370 гаруй мэргэжилтэн, нийт 900 гаруй ажилтан ажиллаж байсан гэдэг. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг сүндэрлүүлэх их ажлыг Тавхайн Сайнжаргал гардан гүйцэтгэж, хотын эрүүлийг хамгаалах асуудлыг бодлогын хэмжээнд хэрэгжүүлж, бүрэн хүчин чадалтай болгон хүлээлгэн өгсөн байдаг.

Тавхайн Сайнжаргал Эрдэнэт хотын Эрүүлийг хамгаалах газрыг 1977-1984 онд удирдан ажиллах үед их эмчийн тоо 5 дахин, дунд мэргэжилтний тоо 4 дахин, сувилагч 4.5 дахин нэмэгдэж, нийт эмч нарын 70 гаруй хувь нь нарийн мэргэжил эзэмшсэн байна. 

                                Гэдэсний халдварт өвчнийг эмчлэх аргачлал, вакциныг бүтээсэн түүх


Увс аймгийн Давст суманд төрсөн Т.Сайнжаргал Улаанбаатар хотод Бага эмчийн сургуулиа дүүргэж, 1961 онд МУИС-ийн Анагаах ухааны факультетийг онц дүнтэйгээр төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн байна.  Тэрээр  Увс аймгийн Сум дундын эмнэлэг,  Эрүүлийг хамгаалах газрын анхны даргаар ажиллаж байгаад 1975 онд Монгол Улс дахь гэдэсний балнад өвчний эпидемиологи, урьдчилан сэргийлэх зарим асуудал сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, Монголын эпидемиологийн анхдагч докторуудын эгнээнд бичигджээ.

Тэрээр 12 аймагт голомтлон дэгдэж хүмүүсийн аминд ноцтой аюул учруулж байсан өвчинтэй найдвартай тэмцэх үндэс суурийг тавьж гэдэсний балнад өвчнөөс сэргийлэх аргачлал, өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын шинэ аргачлалыг олж тогтоосон нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр болсон юм.

Түүнийг Эрдэнэт хотын Эрүүлийг хамгаалах газрын даргаар ажиллаж байх хугацаанд Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хүүхдэд ээлтэй эмнэлэг-ээр өргөмжлөгдөж байв. Мөн түүний байгуулсан Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэг нь бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг болон өргөжиж байсан түүхтэй. 

Эрдэнэт хотын ЭМГ, БОЭТ -ийн хамт олон  хүний их эмч, доктор Т.Сайнжаргалын гавьяа, зүтгэлийг залуу хойч үедээ таниулах түүний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг сурталчлах, мөн БОЭТ-ийнхоо тасгийг түүний нэрэмжит болгохоор ажиллаж байна. 


Related news