ДУНДГОВЬ: Өсвөр үеийн гар бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 89 баг оролцож байна

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-27 13:21:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит Өсвөр үеийн гар бөмбөгийн улсын аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн Мандалговь хотноо болж байна.

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй тус тэмцээнд 19 аймаг, Улаанбаатар хотын нийт 89 багийн 1200 гаруй тамирчин оролцож, хүч, чадал, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцогчдын тоо өмнөх оны тэмцээнүүдтэй харьцуулахад нэмэгдсэн байна.

2006 онд Өсвөр үеийн гар бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Монгол Улсын ууган гавъяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит болгохоор тус аймгийн Засаг дарга Монголын Волейболын холбоотой гэрээ байгуулснаас хойш тус тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Харин түүний төрсөн нутаг Дундговь аймагт энэхүү тэмцээн 6 дахь удаагаа ийнхүү зохион байгуулж, жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, өргөжсөөр байгаа аж.  

Дундговь аймгийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гар бөмбөгийн спортыг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилт дэвшүүлж, энэхүү спортоор хичээллэж байгаа хүүхэд залуучуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тэмцээн энэ сарын 29-ний өдөр хүртэл үргэлжлэх ба сүүлийн өдөр медалийн төлөө тоглолтууд болно. 

Related news