Сочид дараалсан хүчтэй үерийн дараа онцгой байдал тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-07-25 10:04:17

СОЧИ. /TASS/. ОХУ-ын Сочи хотод хоёр хүчтэй үер болсны дараа байгалийн гамшгийн уршгийг арилгахын тулд онцгой байдлын дэглэм тогтоожээ. 


“Хот даяар онцгой байдал зарлалаа. Энэ нь бидэнд зэвсэгт хүчнийг дайчлах, мөн хохирогчдод олгох төлбөрийг түргэн шуурхай бүрдүүлэх механизмын бас нэг хэрэгсэл болно” гэж хотын дарга Алексей Копайгородский телеграмм хуудсандаа бичсэн байна. 


Ням гарагт Сочи хоёр дахь удаагаа үерт автсан байна. Өмнөх өдөр нь буюу бямба гаргийн шөнө хотод үер буусан бөгөөд Оросын Онцгой байдлын яамны хэвлэлийн албанаас хотын гол мөрний түвшин эгзэгтэй түвшинд хүрч, дахин аянга цахилгаантай бороо далайгаас ойртож байгааг анхааруулжээ. 


Копайгородскийн хэлснээр, ням гаргийн бороо “хувингаар цутгах мэт асгаж”, нэг цаг шахам үргэлжилжээ. Энэ үеэр хотод 76 мм хур тунадас унасан байна. Энэ нь Сочид хамгийн хуурай саруудын нэг болж байгаа долоодугаар сард унах дундаж хур тунадасныхаас ч их хэмжээ юм. 


Ням гарагт шилжих шөнө эхэлсэн ширүүн бороо хотын төвийн 15 гудамжийг үерт автуулсан байна. Гудамжинд олон арван машин урсаж, зарим нь бүхээгтээ байсан хүмүүстэй хамт урсаж байжээ.


Үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдсан байна. Копайгородскийн мэдээлснээр, олон хүн амиа алдаж болох байжээ. “Үерт урсаж байсан хэдэн арван хүнийг аварсан. Тэдний дунд арван хүүхэд байсан” гэж Копайгородский бичсэн байна. 


Хотын даргын мэдээлснээр, одоогийн байдлаар эвдрэл хохирол, хөрсний гулгалт болж байсан газрууд болон шинээр хөрсний гулгалт үүсэж болзошгүй газруудын жагсаалтыг гаргаж байгаа аж. Үерийн гамшгийн уршгийг арилгахад мянга гаруй хүн оролцож байна. 


Related news