Монголчуудад таатай байна. Баярлалаа, ноён Антонио Гутерреш

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-09-01 14:48:28

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол дахь айлчлал-


Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн ой тохиож буй энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчлахдаа “Монгол бол цөмийн зэвсэггүй бүс нутаг учраас айлчилж байгаа юм” хэмээн мэдэгдэв. 2022 онд манай улс олон хүндтэй зочин хүлээж авснаас түүний айлчлал хамгийн онцлох нь байлаа.


Дэлхийн энх тайван байдалд сэв сууж, зарим улс гүрний харилцаа дайны хэмжээнд хүрсэн ийм цаг үед энхийг сахиж, зэвсэгт дайныг үл зөвшөөрөн, цөмийн зэвсгээс ангид улс гүрэн байхын нэр хүнд, үүрэг оролцоо өндөр юм гэдгийг энэ айлчлал нотлон харууллаа.


Манай улсад 2022 оны 8 дугаар сарын 8-11-нд болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн албан ёсны айлчлалыг Монгол Улс оновчтой гадаад бодлого баримталж ирсний нэг илэрхийлэл боллоо гэж улс төр судлаач, ажиглагчид дүгнэж байна. Цаг үеийн нөхцөл байдал эгзэгтэй, дэлхий нийтэд геополитикийн хүнд нөхцөл байдал тулгараад байгаа, мөн хоёр хөршийн дотоод гадаад дахь асуудал амаргүй байгаа ийм үед тэрбээр манай улсад айлчилсан нь томоохон хүндэтгэл гэж монголчууд үзэж байна.


Монгол бол энх тайвны бэлгэ тэмдэг

Ноён Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ “Дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэсэн нь нэр хүндийн хэрэг байв.


Монгол Улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ байнга оруулахыг эрмэлзсээр ирсэн. Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Ази-Номхон далайн бүс нутгийн анхны улс юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал албаны уулзалтаас гадна монгол ёс заншил, нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёлтой танилцах, тусгайлан бэлтгэсэн тоглолт үзүүлбэр үзэж сонирхох гэх мэт хөтөлбөртэй байв.


“Монголын ахуй соёл, гайхамшигт урлаг, дэлхийд хосгүй хөөмий, уртын дуу зэргийг сонсож биширч, алмайрсан. Монгол урлагийн хувцаслалт баялаг тансаг, хөгжим нь сонсголонтой, түүх нь агуу баялаг юм. Монгол бол заавал зочлох ёстой орон юм байна” хэмээн тэрбээр Монголын уламжлалт ахуй амьдралтай танилцаад хэлсэн байна.


Түүний Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нартай хийсэн уулзалтууд үр бүтээлтэйгээс гадна маш найрсаг, энгийн байдлаар өрнөж байв. Тэрбээр “Монгол Улс бол дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад үлгэр жишээ үзүүлж байгаа улс” гэх мэтээр манай улсын дэлхий дахины энхийн төлөө гаргаж буй хүчин чармайлтыг уулзалт бүрээрээ байнга онцолж байлаа.


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж эхлээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцгойлон сайшаасан бөгөөд мод тарих үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт оролцож, цөлжилтийг сааруулах, хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх энэ хөтөлбөрийг чин сэтгэлээсээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

 Энхийг сахиулагчдад илэрхийлсэн талархал

Монголын цэрэг, цагдаагийн албан хаагчид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. 2002 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 20 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.


Манай улсын энхийг сахиулагчид эр зоригтой, тэсвэр хатуужилтай, мэргэжлийн өндөр ур чадвартайн дээр энгийн иргэдийг хамгаалахын төлөө бүхнээ зориулдаг сайхан  сэтгэл нь бусад орны энхийн сахиулагчдад үлгэр дуурайлал болдог тухай ноён Гутерреш айлчлалын үеэр энхийг сахиулагчидтай уулзахдаа хэлж, талархал илэрхийлэв.


Монгол Улс “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” санаачилгыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллаж байгаа билээ.  


Хамгийн хүнд хэцүү талбарт, дайнд нэрвэгдсэн улс орнуудад үүрэг гүйцэтгэсэн Монголын нийт энхийг сахиулагчдад талархаж байна. Монгол Улсын НҮБ-д оруулсан хамгийн чухал хувь нэмэр бол энхийг сахиулах ажиллагаа юм. Монгол бол хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон учраас энхийг сахиулах ажиллагаанд онцгой амжилт гаргадаг. Монголын энхийг сахиулагчдын эр зориг, шаламгай байдал, эрэмгий дайчин чанар нь Монгол түмний цусанд нь байдаг чанар юм байна”. Энэ бол ноён А.Гутеррешийн чин сэтгэлийн үг юм.


Ер нь энхийн төлөөх идэвхтэй оролцоо бол аливаа улс орны эрх ашгийг хамгаалах хамгийн зөв арга зам гэдгийг энэхүү айлчлал харуулав. НҮБ-ын тэргүүн ч энэ тухай олонтаа дурдаж байв.

 

Далайд гарцгүй орны бэрхшээл ба Монголын идэвхтэй гадаад бодлого

“Монгол бол маш идэвхтэй дипломат харилцаа явуулдаг, бүс нутагтаа нэр хүндтэй улс. Монгол бол тусгаарлагдсан улс биш” гэж тэр хэлсэн. Учир нь Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын хойгийг энхийн замаар цөмийн зэвсгээс ангижруулах талаар Монгол Улсын гаргасан дипломат санаачилга нь Монголыг бүс нутагтаа ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулдаг юм байна. Мөн энхийг сахиулах үйл ажиллагаа, далайд гарцгүй орнуудын талаарх хүчин чармайлтад байнга идэвхтэй оролцдог, эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын талаарх олон улсын хурлыг санаачилж эх орондоо зохион байгуулсан зэрэг нь тусгаарлагдсан улс биш гэдгийг нотолж байгаа хэрэг аж.


Ноён А.Гутеррешийн дүгнэснээр бол далайд гарцгүй хэдий ч манай улсын гадаад бодлогын идэвхтэй, оновчтой хэлбэр нь далай дээгүүрх зам гүүр болж чадаж байна гэж ойлгож болох аж.


Далайд гарцгүй хөгжиж буй орны бэрхшээлийг манай улс туулж яваа. Худалдаа, тээвэр, логистикийн гэх мэт олон бэрхшээлтэй цаг ямагт тулгарч байдаг. Энэ бүхнийг даван гарах арга зам эрэлхийлж Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг 13 жилийн өмнө Улаанбаатарт байгуулсан байдаг. Мөн Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг 1994 онд үүсгэн байгуулахад манлайлан оролцсон билээ


Цар тахал, Украин дахь дайны нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт сорилтууд байдлыг улам дордуулсаар байгаа. Үүн дээр нэмээд цөлжилт, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний хангамж, эдийн засгийн олон бэрхшээл тулгарч байна. Эдгээрт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зохих анхаарал тавьж,бололцоот бүх талаар дэмжинэ гэв.


Тэрбээр “Хөрш орнууд болон дэлхийн улс орнуудтай яриа хэлэлцээрийг эрхэмлэсэн оновчтой гадаад бодлого баримталдаг нь Монголын эрх ашгийг хамгаалах маш зөв арга зам юм” хэмээсэн нь туршлагатай улстөрчийн манай улсад өгсөн том үнэлгээ юм.

 

Монголын эрчим хүч хараат байдлаас гарах уу?

Монголчуудын дунд яригддаг хамгийн чухал сэдвүүдийн нэг нь сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний хараат байдлаасаа гарах тухай. Ийм үед ноён А.Гутеррешийн айлчлал эрчим хүчний холбогдолтой олон асуудлыг хөндөж, бас урам өгөв. Тэрбээр  Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. Мөн сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох ч боломжтой юм” гэсэн нь анхаарлын төв дэх эрчим хүчний салбарын асуудлыг эерэгээр харах найдвар асаав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ Эгийн голын УЦС-ын төсөлд учраад буй саад бэрхшээл, маргаантай асуудал, судалгаатай танилцаад, асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээ амалсан юм.  Хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байж болохгүй гэж үздэгээ ч тэрбээр хэлж байлаа.


ОХУ-ын талаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар дээрх төслийн ажил саатсан. Хэдийгээр энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлт гарсан ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй хэвээр олон жил болж байгаа юм.


НҮБ, Монголын цаашдын хамтын ажиллагаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерреш “НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг дахин нэг шат ахиулахыг хүсэж байна” хэмээн айлчлалынхаа үеэр хэлсэн нь цаашид Монгол Улстай илүү олон салбарт, илүү өргөн хүрээнд хамтрах сонирхолтой  байгаагаа илэрхийлсэн явдал гэж үзэж болох юм.


Тэрбээр Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлж, улс төрийн санаачилга, ялангуяа энх тайвны төлөөх үйл хэргийг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа айлчлалынхаа төгсгөлд илэрхийлэв.


“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичиг, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтрах,  мөн нийгэм, эдийн засгийн болон бусад асуудалд НҮБ-ын үзүүлэх дэмжлэгт цаашид ч найдаж болно” гэж ноён А.Гутерреш амлаад айлчлалаа өндөрлөсөн юм.


НҮБ өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд маш олон төрлийн дэмжлэгийг манай улсад үзүүлж ирсэн. Цаашид ч ийм дэмжлэг үргэлжилнэ.


Монголчуудад таатай байна. Баярлалаа, ноён Антонио Гутерреш.






Айлчлалын талаар


Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх

Монголын хүчин чармайлтыг өндрөөр үнэллээ 

УИХ-ын дарга Г.Занданшатар

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчиллаа. Энэхүү айлчлал 13 жилийн дараа болсон, дэлхий нийтэд, хөрш зэргэлдээ орнуудад улс төрийн байдал ээдрээтэй байгаа цаг үед болсноороо онцлог юм.


Ноён Антонио Гутерреш манай улсын гадаад харилцаандаа баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг сайшааж, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн. Тэрбээр “Монгол Улс бол энхийг эрхэмлэгч, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс юм” гэж хэлсэн нь эв нэгдэл, энх амгаланг ямагт эрхэмлэн дээдэлдэг монгол түмний язгуур үзэл санаа, ёс уламжлалыг өндрөөр үнэлсэн, монгол бахархлыг дуудан сэрээсэн чухал үйл явдал мөн гэж үзэж байна.

(УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгээс)

 

 Тохиролцсон асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэж,

үр дүнд хүргэхээр ажиллана 

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррeшийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал маш амжилттай боллоо. Энэ үеэр бид энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улс хэрхэн үлгэр жишээ улс болж буйг онцлохоос гадна Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд хурцаар нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлаар хэлэлцэж ярилцсан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилга нь монголчуудын хувьд цөлжилттэй тэмцэх, усны хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй болохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэлээ.


Талууд мөн Монгол Улсын эрчим хүчний асуудлыг хөндөж ярилцаад зогсохгүй иргэдийн оролцоог хангасан, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн асуудлуудын талаар ярилцсан. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хооронд ярилцан тохиролцсон эдгээр асуудлыг бид үргэлжлүүлэн хэлэлцэж, шаардлагатай алхмуудыг хийж, үр дүнд хүргэхээр ажиллах болно.

 (“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас)

 


Тодруулга:

Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн

 Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүн  болсноос хойш  тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн юм.


Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн олон асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан хэлэлцүүлж батлуулжээ.


Өдгөө “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай”, “Ардчиллын боловсролын тухай” гэсэн Ерөнхий Ассамблейн 5 тогтоолыг тогтмол санаачлан батлуулж байна.


Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой 2021 онд тохиосон юм

Монгол Улс 2000 оноос хойш зохион байгуулсан тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн санхүүжилт, гамшгийн эрсдлийг бууруулах болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дамжин өнгөрөх хамтын ажиллагааны асуудлаарх томоохон хурал, дээд хэмжээний уулзалтуудад оролцож, тэдгээрээс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж ирсэн болно.

 

НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, ардчиллыг дэмжих, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж ирсэн.  Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад суурин ажиллаж, манай хөгжлийн бодлого, үйл ажиллагааны чухал түнш байсаар иржээ.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монголд хийсэн айлчлал

1977он. Курт Вальдхайм  /Kurt Waldheim/ анх удаа,

1987 он. Хавьер Перес Де Куэльяр /Javier Pйrez de Cuйllar/

2002 он. Кофи Атта Аннан /Kofi Annan/

2009 он. Бан Ги Мүүн /Ban Ki-moon/,

2022 он. Антонио Гуттереш /Antуnio Guterres/ тус тус айлчилсан юм.

 

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа дахь

Монгол Улсын оролцоо

1999 онд Монгол Улсын Засгийн газраас Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай тогтоол гаргаж, улмаар “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын санамж бичиг”-ийг байгуулав.

 

2002 онд УИХ-аас Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль батлан гаргав.

 

2002 оноос хойш Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан, Суданы Дарфур, Абией муж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Баруун Сахар, Конго, Йемен зэрэг 7 улсын нутаг дэвсгэрт явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсний дотор 911 эмэгтэй алба хаагч байна.

 

2022 онд Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд 6 дугаар сарын 16-18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал Улаанбаатар хотноо болсон юм. Энэ арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруа тэргүүтэй НҮБ, Европын холбоо болон дэлхийн 30 орны төлөөлөгчид, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчид оролцлоо.


Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч, энхийг сахиулагч эмэгтэйчүүд, тэдний төлөөлөл цахимаар оролцов.


Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Монгол Улсад айлчлах үеэрээ энхийг сахиулагчидтай уулзахдаа "Монголын түүх бол Монгол цэргийн түүх гэдэгтэй энэ цаг мөчид санал нийлж буйгаа энд онцолъё. Ийм баялаг түүх, зан заншилтай ард түмэн тэр дундаа Монголын энхийг сахиулагчид бусад орнуудын энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдав. Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг юм байна" хэмээн онцолсон юм.  


Related news