ЗАВХАН: 9000 гаруй км замыг туулж байгалийн гэрэл зургийн сангаа арвижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-05 16:49:42

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн уугуул, байгалийн гэрэл зурагчин Пүрэвхүүгийн Баатарзоригт “Шүтээн нутаг” нэртэй энэ оны аяллаа амжилттай дуусгажээ.

Завхан аймгийн 24 сумын нутгаар жил бүр зохион байгуулж буй “Шүтээн нутаг” нэртэй гэрэл зургийн аяллаа зургаа дахь жилдээ 20 орчим сумын нутгаар аялж дуусгасан байна.

-“Аялал 70 орчим хоног 9000 гаруй км замыг туулж байгалийн гэрэл зургийн сангаа арвижуулж бүрдүүллээ. Энэ жилийн тухайд аяллаа зургаадугаар сарын эхээр Сонгино сумаас эхлүүлж, наймдугаар сарын 10-нд Завханмандал суманд дуусгасан.


Дээрх хугацаанд 20 орчим сумын нутгаар ажилласан хэдий ч байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, зун зуншлагын байдлаас шалтгаалан очсон сумаа алгасах. Нэг суманд дахин дахин очих гэх мэтчилэн бага зэрэг хүндрэлүүд гарч байлаа. Гэсэн хэдий ч ажлаа төлөвлөсөн хугацаандаа амжилттай өндөрлүүлсэн. Аялал аяны богцноосоо өөрийн нүүр номоороо дамжуулан дээжлэн хүргэсэн. Жил бүрийн байгалийн гэрэл зургийн сан бүрдүүлэх аялал маань олон сайхан хүмүүсийн оролцоо, сэтгэл, тус дэмээр бүтдэг. Энэ ташрамд аяллын маань тулгуур, зүг чиг болж байсан нутаг, нутгийн сайхан сэтгэлт ахан, дүүстээ талархсанаа илэрхийлье. Түүнчлэн хамтрагчид, дэмжигчид, захиалагчид, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа” гэв.


Пүрэвхүүгийн Баатарзоригт нь өнгөрсөн жил байгалийн гэрэл зургаар Монгол улсад анхны магистрын цолыг хамгаалсан ажээ. Тэрбээр гэрэл зургийн “Шүтээн Монгол” студийг байгуулаад таван жил болж байгаа бөгөөд байгаль, түүх, хүмүүсийн аж амьдралын тухай гэрэл зургуудыг дурандаа буулгадаг байна.

Түүний студи өнгөрсөн жилийнхээ төлөвлөгөөг биелүүлж хагас мянга гаруй байгалийн гэрэл зургийн бүтээлийг айл гэр, албан байгууллагын хойморт, амжилт бүтээлийн мялаалга, цайллагад зориулж бүтээжээ. Мөн байгууллагынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд таван сая төгрөгийг хандивын болон олон нийтийг хамарсан ажилд зориулсан байна.

Харин энэ жилийн аяллаа бүрэн дуусгасан учраас гэрэл зургуудаа хэвлэх, жаазлах, сонирхсон, захиалсан байгууллага хувь хүмүүстээ хүргэж өгөх ажлыг шуурхай хийнэ. Мөн нийгмийн сайн сайхны төлөөх хандив тусламжаа ч өгнө гэж гэрэл зурагчин П.Баатарзоригт хэллээ. Түүний гэрэл зургуудыг https://www.facebook.com/ShuteenMongolStudio -ээс сонирхоорой. 


/Отгонтэнгэр хайрхан өглөөний наранд Отгон сумын төв, Буянт голын зүүн энгэрээс ийн харагдана./

/Айргийн хөндий, Борооны дараа. Сонгино сум/

/Баянзүрх хайрхны өвөрт. Нөмрөг сум/

/Буянт голын өглөө. Алсад Отгонтэнгэр хайрхны орой үзэгдэнэ. Отгон сум/

/Долоон товгорын элс. Тэлмэн сум/

/Холбоо нуурын цэнхэр мэлмий. Нөмрөг сум/


/Айраг нуур. Сонгино сум/

/Цоргын голын өглөө, Сантын овоо. Түдэвтэй сум/

/Ойгон нуурын 108 бөөрөг. Түдэвтэй сум/


/Их Даян уулын зулайд. Алдархаан сум/


/Тэлмэн нуурын хөндий. Тэлмэн сум/


/Хожуулын гол, Рашаантын эхийн өөд. Тосонцэнгэл сум/


/Уран Мандалын овоо. Тосонцэнгэл сум./


/Дунд Цэцүүхийн өглөө, Сүрлэг хангайн эзэд. Их-Уул сум./


/Дунд Цэцүүхийн голын өглөө. Их-Уул сум/


/Хуртай зуны өглөө, Ханжаргалант хайрхан. Яруу сум/


/Нарийн голын орой. Алсад "Цамц мод" харагдана. Яруу сум/


/100 жилийн түүхтэй Алдархаан сум. Өнгө зассан гэж жигтэйхэн./


/Алаг эрэг, Завхан гол. Цагаанчулуут сум/


/Жавцагийн гол /Рашаан/. Цагаанчулуут сум./


/Дуут манхан, Их Монголын элсний эх. Цагаанхайрхан сум./


/Зээрийн нутаг Баруун арцын хөндийд. Ихэр янзагатай шаргачингууд. Цагаанхайрхан сум./


/Бор хярын элсэн манхан. Завханмандал сум./


/Завханмандал сум, Хүнгийн гол, Бор хярын элс, Хүрэн хайрхан, Цахир хайрхан, Аргалант хайрхан./

Related news