ЗАВХАН: 28 сургуульд ус цэвэршүүлэгч, нөөцийн сав олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-08 14:31:51

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль болон мэргэжлийн сургуулиудад стандарт хангасан ус цэвэршүүлэгч, цэвэр усны савыг хүлээлгэн өгчээ.


Аймгийн ЗДТГ, БШУГ-аас санаачилж, Люксембургийн Сангийн ивээл дор Массволл Штивтун байгууллагын санхүүжилтээр, НҮБ-ын Хүүхдийн сангаас 28 сургуулийн дотуур байранд стандарт хангасан усны савыг хүлээлгэн өгсөн. Аймгийн 24 сумын ерөнхий боловсролын 25 сургууль, Улиастай сум дахь Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллеж, Тосонцэнгэл сум дахь МСҮТ-ийн дотуур байруудад ус цэвэршүүлэгчийг олгоод байгаа. Түүнчлэн стандарт хангасан усны нөөцийн сав, ус хадгалах 40 литрийн сав зэргийг олголоо.

Дотуур байрны хүүхдүүд хүнсэндээ хэрэглэж буй усыг стандарт хангасан савнаас хэрэглэх, усны хэрэглээний зөв дадалтай болгох зорилготой энэхүү тусламж нь хүүхдэд ээлтэй, цаг үеэ олсон тусламж болсныг эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагууд хэлж байсан. НҮБ-ын Хүүхдийн сангаас тус аймагт "Ус хангамж ариун цэвэр, эрүүл ахуй" төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд болон бусад хөтөлбөрийнхээ хүрээнд хөдөө орон нутгийн хүүхдүүдийн ая тухтай орчинд сурч хүмүүжихэд нь тусламж дэмжлэг өгч, хүүхдэд ээлтэй үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв. 




Related news