ЗАВХАН: 1600 гаруй аж ахуйн нэгж, иргэнд стандартын талаарх мэдээлэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-16 17:32:35

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн долоон сумын 16 аж ахуйн нэгжийн үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээ олгожээ.

Аймгийн баталгаажуулалтын зөвлөлийн 22 дугаар хуралдааны шийдвэрээр Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Тэс суманд үйл ажиллагаа явуулж буй 16 аж ахуй нэгж, 2 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний худалдаа үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийсэн дүнг хэлэлцэж, тохирлын үнэлгээг нь нэгээс хоёр жилээр сунгаад байна. 


Тохирлын үнэлгээ гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээ эсхүл менежментийн тогтолцоо нь тодорхой стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагаа юм.


Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичиг юм. Тиймээс жилд гурваас дөрвөн удаа хуралдаж шийдвэр гаргадаг баталгаажуулалтын зөвлөлийн хурал бол маш чухал шийдвэрүүдийг гаргадаг гэсэн үг юм.

Баталгаажуулалтын зөвлөл нь жилд дунджаар 24 сумын 80-100 гаруй аж ахуйн нэгж байгууллага иргэдийн үйлчилгээ, стандартад тохирлын болон баталгаажуулалтын үнэлгээг хийдэг.

Тухайлбал энэ он гарсаар аймгийн хэмжээнд 18 сумын 120 гаруй хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж, гэрчилгээний хугацааг сунгасан байна. Мөн 21 сумын 1670 гаруй аж ахуйн нэгж иргэдэд стандартын сургалт, мэдээллийг өгч, улирал бүр баталгаажуулалтын зөвлөл хуралдаж тохирлын баталгаажуулалтыг хийгээд байна. Тухайлбал, MNS5021-1:2019, MNS 4946:2019, MNS 6648:2016 стандартын талаарх мэдээллийг аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна. Мөн сумдын албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад баримт бичгийн шинэчлэгдсэн стандартаар мэдээлэл өгч, стандартын хэрэгжилтийг сайжруулах талаар таван суманд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна гэж аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв.

Related news