СҮХБААТАР: Сүхбаатар сумын иргэд өдөр бүр шинэ өндөг хэрэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-27 16:01:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын иргэд өдөр бүр хүнсэндээ шинэ өндөг хэрэглэж байна. Тус сумын иргэн Т.Хүрэлсүх тахианы аж ахуйг анх удаа орон нутагтаа эхлүүлж, өнгөрсөн 4 дүгээр сараас өндгөө борлуулж эхэлжээ. Нэг ширхэг өндгийг 350 төгрөгөөр дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй ч борлуулалт маш сайн байгаа бөгөөд сумынхаа өндөгний хэрэгцээг бүрэн хангаж хүчрэхгүй болжээ.

Одоо эднийх 300 тахиатай. Орон нутагт өндөгний эрэлт их байгаа учир цаашид тахиагаа 2000 болгож нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Мөн тахианы стандартын, дулаан байр барих ажлыг эхлүүлжээ. Өвлөөс өмнө байраа ашиглалтад оруулчихвал тахианыхаа тоог шат дараатайгаар нэмэгдүүлэх юм байна. Ингэснээр дан ганц сумандаа бус хөрш зэргэлдээх сумд болоод аймгийн төврүү ч өндөг нийлүүлэх боломжтой гэнэ.

Үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд Ёстын булаг хоршоог байгуулж, сумын хоршоо хөгжүүлэх сангаас 80 сая төгрөгийн зээл авчээ. Энэ нь орон нутагт анхлан үйлдвэрлэл эрхлэгчдэд маш том дэмжлэг болж чадсан тухай Т.Хүрэлсүх ярьж байлаа. 

Related news