ДАРХАН-УУЛ: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 20 хоног үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-28 20:43:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 61 жилийн ойг угтан энэ жил Намрын ногоон өдөр”-үүд нэгдсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.


Хорь хоног Найрамдал талбайд үргэлжлэх нэгдсэн үйл ажиллагааны үеэр Дарханд бүтээгдсэн брэнд, шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг давхар зохион байгуулах аж.  Мөн төмс, хүнсний ногоо болон олон төрлийн мод, жимсний үрсэлгээг хямд үнээр худалдан борлуулж байна.


Төрийн байгууллагууд иргэдэд үзүүлдэг үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайж буй иргэдэд ажлын байрыг санал болгох зорилгоор "Хөдөлмөрийн яармаг-2022"  арга хэмжээг зохион байгуулж байгаагаараа ач холбогдолтой юм.


Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх, ажилгүйдлийг бууруулахад оршиж байна.


2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү үйл ажиллагаанд арилжааны банкууд өөрсдийн үйлчилгээг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.

Related news