СҮХБААТАР: “Гепатитгүй монголчууд” төслийн хүрээнд хавдрын 43 сэжигтэй тохиолдлыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-10 15:12:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Гепатитгүй монголчууд" төсөл Сүхбаатар аймагт 2021 оноос хэрэгжиж буй. Үзлэг шинжилгээг энэ оны 5 дугаар сараас эхэлсэн бөгөөд төслийн багийнхан гурван сарын хугацаанд элэгний хавдрын сэжигтэй 43 тохиолдол илэрснийг онош тодруулах, баталгаажуулах зорилгоор ХСҮТ-д илгээсэн байна.

Дээрх хугацаанд нийт 3458 иргэнд гепатитын В,С вирусний илрүүлэг, 882 хүнд хэвлийн хэт авиан шинжилгээ, 1333 хүнд элэгний хатуурлын зэрэг тодорхойлох шинжилгээ хийжээ. Мөн 1795 хүнд гепатологич эмч үзлэг хийн зөвлөгөө өгчээ. Цаашид анх удаа гепатитын вирусний халдвартай гэж оношлогдсон иргэдийг вирусний ачаалал тоолуулах шинжилгээнд цаашлаад эмчилгээнд хамруулах ажлыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Иймд төслийн зорилгод хүрэхэд шаардлагатай үйл ажиллагааг төлөвлөх, тогтвортой байдлыг хангах үүднээс “Гепатитгүй монголчууд” төслийн хэрэгжилтэд оролцогч байгууллагуудын төлөөллийг оролцуулан төслийн явцын хэлэлцүүлгийг төслийг хэрэгжүүлэгч талууд хамтран хийж үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв.


Ротари клуб, Флагстафф Ротари клуб, ФАИР төрийн бус байгууллагын санаачилгаар Олон улсын Ротари сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр уг төслийг хэрэгжүүлж байгаа. Вируст гепатит болон элэгний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж цаашдын хүндрэл болон нас баралтаас урьдчилан сэргийлэх, Сүхбаатар аймагт гепатитын С вирусийг устгах нь төслийн гол зорилго юм.

 

 

Related news