ТӨВ: Зүүн өмнөд Азийн бүс нутгийн аялал жуулчлалын форум 2024 онд Төв аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-28 07:35:20

Төв /МОНЦАМЭ/ Зүүн өмнөд Азийн бүс нутгийн аялал жуулчлалын “Eatof-2022” форумыг БНСВУ-д зохион байгуулж Төв аймгаас холбогдох албаныхан оролцож байна. Энэ удаагийн форум цар тахлын дараах эрүүл мэндийг дэмжсэн аялал жуулчлалыг харилцан дэмжих, аялал жуулчлалын мэдээллийн технологийн хөгжил, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар хэлэлцэж байна.

Энэ жил EATOF буюу East Asia Inter-Regional tourism forum үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа. Төв аймаг EATOF-ийн нэр хүндтэй гишүүн бөгөөд аялал жуулчлалыг эдийн засгийнхаа үр ашигтай нөөц болгон хөгжүүлж байгаа зүүн өмнөд Азийн чухал бүс нутаг юм.

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, Төв аймгийн аялал жуулчлалын стратеги, түүхт 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд гишүүн орнуудын хөрөнгө оруулалт, оролцоог өрнүүлэх талаар илтгэл мэдээлэл хэлэлцүүллээ.


Аймгийн аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, гадаад харилцаа, хөгжлийн бодлого төлөвлөлт, байгаль орчин аялал жуулчлалын газрын асуудал хариуцсан төлөөлөгчид оролцож, 2024 онд Монгол Улс, Төв аймагт зохион байгуулах EATOF-ийн төлөвлөгөөг хэлэлцүүллээ.

Мөн үйл ажиллагааны үеэр бүс нутгийн аялал жуулчлалын форум EATOF-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны санамж бичигт аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар гарын үсэг зурлаа. 

Төв аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа хөгжүүлэх талаар идэвхтэй бодлого баримталж тодорхой үр дүнд хүрч байна. Ялангуяа бүс нутгийн чиглэлээр Зүүн хойд Азийн голдуу 10 гаруй орны муж, аймагтай шууд харилцаа тогтоон ажиллаж байгаа аж. Эдгээр шууд харилцаат муж аймгуудын төлөөлөгчид оролцсон аялал жуулчлалын чуулга уулзалт буюу "EATOF" жил бүр нэг оронд зохион байгуулдаг уламжлалтай аж.

Related news