ЗАВХАН: Хувилгаад, хамба нарын номын айлдвар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-20 15:23:41

Завхан/МОНЦАМЭ/. Улиастайд Завхан нутаг, очирваанийн хувилгаад, хамба нарын номын айлдвар боллоо.

Завхан аймаг байгуулсны түүхт 100 жилийн ойг угтаж, аймгийн Бурхан шашинтны төв Төгс буянт Жавхлант хийдээс санаачлан, анх удаа бурхны шашин ба шинжлэх ухаан агуулгын хүрээнд хутагт, хамба нар номын айлдвар айлдах хэлбэрээр нийтийн сонорт хүргэлээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд ном хурахаас гадна, сүсэгтэн олонд бурхны номын айлдварын учир утгыг таниулсан лекц уншлаа. Тухайлбал, дээдийн номын айлдварыг Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн, Завхан аймгийн Бурхан шашинтны төвийн тэргүүн Жалханз хутагт Данзанчойживанчүг гэгээнтэн “Бурхны шашныг шүтэхийн ач тус” сэдвээр тавилаа.

Мөн Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн, Наробанчин хутагт Данзанлхүндэв гэгээнтэн “Зөв үзэл, сайхан сэтгэлийн ач тус”, Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн, Манба дацан хийдийн хамба, Оточ манрамба их сургуулийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч, билгүүн номч, гэвш ламтан Д.Нацагдорж “Эрүүл мэнд урт наслахын үндэс” сэдвээр тус тус айлдвар тавив.

Түүнчлэн Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн, Монгол зурхай Түвдэнпэлжээлин хийдийн хамба, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зурхайч, гэвш ламтан Ж.Гончигсүрэн “Од эрхэс лус савдаг” сэдвээр, Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн, Дэчинравжаалин хийдийн хамба, гэвш ламтан М.Хүрэлцэнд “Буян ба нүгэл” сэдвээр тус тус номын айлдвар тавилаа.

Анх удаа зохион байгуулсан номын айлдварт 800 орчим сүсэгтэн олон оролцлоо. Цаашид Очирваанийн орноос тодорсон Хутагт, хувилгаад, Завхан аймгийн уугуул гаралтай хамба нар хамтран дээрх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах. Бурхны шашнаар дамжуулж нийгмийг соён гэгээрүүлэх зорилтот үйл ажиллагааг байнга зохион байгуулахаар төлөвлөж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Ташрамд, 11 дүгээр сарын 20-нд дээрх үйл ажиллагааг Тосонцэнгэл, Их-Уул суманд зохион байгуулах аж.









 

Related news