ЗАВХАН: Эрүүл мэндийг дэмжих төвийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-28 08:58:41

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт “Эрүүл мэндийг дэмжих төв” нээлтээ хийлээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд, “Эрүүл мэндийг дэмжих төв” нээгдэж иргэд нэг дороос цогц үйлчилгээг авах боломж бүрдлээ. Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг энэ үеэр, нийгмийн чухал салбарууд болох боловсрол, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг байнга дэмжиж явдгаа илэрхийлж, эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих үйлсэд хамтран ажиллана. Ялангуяа аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинэчлэн цогцолбор хэлбэрээр байгуулж, эмч, ажилтнууд зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээндээ анхаарч ажиллавал иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж илүү сайжирна. Тиймээс энэ салбарын хөгжил, үйлчилгээний чанарт ахиц гаргахад хамтран ажиллахаа дуулгав.

Харин аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, манай аймаг бодлогоор эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг байнга хийж байгаа. Түүнчлэн эрүүл мэндийн лавлагаа шатлалд хийгддэг оношилгоо, эмчилгээг нэвтрүүлж, иргэд Улаанбаатар хот явж өндөр зардал гаргадаг эдийн засгийн урсгалыг багасгах зорилт тавин ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийн саналтай танилцаж хэлэлцүүлсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нэн чухал хэрэгцээтэй байгаа ургийн гажиг оношлох эхо аппаратаар ханган ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ эмч мэргэжилтнүүдэд хэлэв.

Эрүүл мэндийг дэмжих төвийг ЭМЯ-ны хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. Энэ төв  нь иргэдэд чирэгдэл, дараалал үүсгэхгүй, нэг дороос эрүүл мэндийн багц үйлчилгээ авах боломжийг олгоод байгаа аж.

Завхан аймгийн статистик мэдээгээр аймгийн хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хоол боловсруулах тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, амьсгалын тогтолцооны өвчин орж байна.

Харин нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, гэмтэл, хордлого болон гаднын шалтгаант бусад эмгэг, хоол боловсруулах тогтолцооны өвчин зонхилж байна.

Гэтэл манай улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай. Хорт хавдрын өвчлөл, нас баралт жилээс жилд өсөх хандлагатай байгаа нь эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд иргэд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байгааг харуулж байгаа харамсалтай тоон үзүүлэлт юм.

Хүн амыг эрт илрүүлэг үзлэг шинжилгээ оношилгоонд хамруулах ажил энэ оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу 6 насны ангилалд эрт илрүүлэг үзлэгийг хийж байгаа бөгөөд 17 хүртэлх насны хүүхдүүд сум, өрхийн эрүүл мэндийн төвд, 18-аас дээш насныхан буюу насанд хүрэгчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий лавлагаа шатлалын эмнэлэгт үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна. Гэтэл манай аймагт эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдаж буй иргэдийн тоо 50 хувьдаа ч хүрэхгүй байна. Тиймээс иргэдийг эрт илрүүлэг үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрт илрүүлэг бол олон талын үр ашигтай, иргэн өөрөө мэдээгүй байсан өвчлөлөө эрт үед нь илрүүлж, дараагийн шатны тусламж үйлчилгээг шуурхай аваад явах боломжийг иргэдэд олгож байна. Ялангуяа залуучууд өөрийгөө залуу гэж тоохгүй орхилгүйгээр илрүүлэг үзлэгт идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.  

Related news