ОРХОН: О.Отгонбаяр: Бүтээмж байгууллагад төдийгүй ажилтанд ашигтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-01 14:19:54
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяртай ярилцлаа.


-Хувь, хувьсгалын гэлтгүй бүгд л бүтээмжтэй ажилтан хайдаг. Тийм ажилтнаа тогтоох гэж хичээдэг. Бүтээмж гэдэг нэг талаас байгууллагын санаачилга, хөтөлбөрөөр идэвхждэг бол нөгөө талаас хувь хүн өөрөө идэвхтэй байх хэрэгтэй болов уу. Танай үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн өрнөсөн тэр цаг хугацаанаас ярилцлагаа эхэлье?

-Одоогоос 19 жилийн өмнө 2003 онд тухайн үеийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Байгалын санаачилгаар Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн мэргэжилтнүүдийг бэлдэхээр П.Шүрчулуу докторын байгуулсан Монголын Үндэсний Бүтээмжийн төвийн сургалтад таван инженер, техникийн ажилтныг явуулсан юм. Үүний нэг нь би. Бид 5S, сайн санал, кайзен аргачлалын талаар анх сонсож байлаа. Ингэж 2003 онд сургалтад суугаад, Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн анхны мэргэжилтнээр бэлтгэгдсэн.

Бүтээмжийн хөдөлгөөн бол албадлагын шинжтэй бус сайн дурын үндсэн дээр өрнөдөг учир бид өөрсдөө эхэлж ойлгоод, дараа нь үйлдвэртээ хэрэгжүүлэх зорилготой байв. Эрдэнэт үйлдвэрт анх Баяжуулах фабрикийн удирдлагууд ШУТИС-ийн харьяа КТМС-тай хамтран бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн түүхтэй. Дараа нь бусад цехэд нэвтрүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлье гэдэг санаачилга гарсан.

2013 онд Тамгын хэлтсийг шинээр байгуулж би орлогч даргаар томилогдон бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж, үйл ажиллагаагаа сайжруулъя гэж шийдсэн. 2013 оноос эхлээд өнөөдрийг хүртэл тасралтгүй бүтээмжийн хөдөлгөөнийг Захиргааны болон хүний нөөцийн хэлтэстээ амжилттай хэрэгжүүлж байна. Ер нь бүтээмжийн хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл талдаа илүү хөгжсөн байсан. Захиргаа талдаа бид хэрэгжүүлэх гэж хичээн ажилласан.

 

-Бүтээмжийн талаар анх сонсоод өөрчлөлтийг хаанаас эхэлье гэж бодож байв?

-Бүтээмж бол ажлаа бага багаар сайжруулах маш том боломж юм. Тиймээс өөрийн хариуцсан ажилд тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн хялбар бөгөөд үр дүнтэй аргаар шийдвэрлэх вэ гэж анх бодсон. Манай үйлдвэрээс хэд хэдэн баг Япон Улсын хүний хөгжил болон үйлдвэрлэлийн хөгжилд бүтээмжийн хөдөлгөөн хэрхэн нөлөөлсөн талаар туршлага судалж ирсэн. Үүний үр дүнд бид жил бүр л өмнөхөөсөө ахисан түвшинд гарах зорилго тавьж ажилласан.


Бүтээмжийг судлаад ирэхээр хүнд ажил, амьдралдаа тасралтгүй сайжруулалт хийх сэтгэлгээ суудгийг ойлгосон.


Нэг газраа зогсдоггүй үргэлж л сайжирч, урагшилж байх тухай сэтгэлгээ, хандлагатай болчихдог юм. Хоёрт, 5S буюу 5 сайн үйлсийг хэвшүүлснээр байгууллагын хувьд зардал багасаж, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэн, чанар дээшилж, цагийн юмыг цагт нь хийж, аюул осол багасдаг, өөрөөр хэлбэл, эмх цэгцтэй орчин бий болсноор ажилтны ажлын бүтээмж эрс нэмэгддэг нь практикаар нотлогдсон. Харин хувь хүний хувьд, бүтээлч сэтгэлгээ нь хөгжиж, идэвх санаачилга гаргах, ажиллах урам, зориг нь нэмэгдэх, хүмүүс хоорондын харилцаа сайжирч, амьдрах чадвар нь нэмэгддэг.

Дараа нь санхүүгийн хувьд орлого, зарлагаа хянах, хуримтлал үүсгэх, хэмнэлт гаргах зэргээр таны амьдралд үр ашгаа өгдөг учир 5S-ийг хэвшүүлж сураарай гэж зөвлөдөг. Хувь хүнд өөрчлөлт гарахаар ажлын бүтээмжид ч эергээр нөлөөлдөг. Жишээ нь сүүлийн 5 жилд Саналын системд ирсэн саналыг харьцуулахад 265 санал гаргаж байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад нэг дахин нэмэгдсэн байна. Манай хамт олны аливаа зүйлийг илүү сайжруулчихъя гэсэн сэтгэлгээ, хандлага нэмэгдсэнийг энэ тоо харуулж байгаа юм. 


-Та өөрийн хэлтэстээ хэрэгжүүлсэн бүтээмжийн төслөөсөө хуваалцаач? Хэрхэн ямар аргачлалаар  хэрэгжүүлдэг нь сонирхолтой байна?

-Манай хэлтэс сүүлийн 10 жил бүтээмжийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байна. Нэг ч өдөр зогсоогүй, тасраагүй. Энэ хугацаанд бид жил бүр ажил сайжруулалтын 10 гаруй төслийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Хүний нөөцийн болон архив, албан хэрэг хөтлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх төслүүд, ажлын байрны нөхцөл, уур амьсгал, орчныг сайжруулах төсөл, ажлын процессыг сайжруулах төсөл, гэх мэт том, жижиг гэлтгүй 50 гаруй төсөл хэрэгжүүлсэн байна.

Энэ жил л гэхэд 11 төсөл хэрэгжсэнээс дурдвал ажлын байр бол чамд жаргал өгөх ёстой гэсэн хандлагыг төлөвшүүлэх “Joy at work” аян, ажлын процессыг сайжруулах, жижиг сайжруулалтын “Quck Win”, “Wow’s” аян зэргийг амжилттай зохион байгуулсан. Бид ажлынхаа компьютерээс хэрэгтэй файл, баримт олох гэж багагүй хугацаа зарцуулдаг боловч үүнийгээ мэддэггүй, энэ нь эргээд ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байдаг. Иймээс жижиг гэлтгүй саад бэрхшээл, тулгамдсан асуудлаа даван туулах, шийдвэрлэхийн тулд ажилтнуудаас гаргасан саналаар тогтмол жижиг сайжруулалтын ажлууд, төслүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Сүүлийн үед бид мэдээллийн технологийг нэвтрүүлэх, сайжруулах, ажлын процессыг автоматжуулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдэд онцгой анхаарал хандуулж, үйл ажиллагааны явцад үүсэх алдагдлыг бууруулахад чиглэсэн олон төслийг хамт олноороо  амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа.   


Нийт хэрэгжүүлсэн 11 төсөл нь бидний ажлын процесст томоохон сайжруулалт авчирсан бөгөөд давхардсан тоогоор 22000 хэрэглэгчид хүрэх 700,0 гаруй сая төгрөгийн эдийн засгийн үр ашиг авчрах төслүүдийг хэрэгжүүлж чадлаа.


Энэ бол яах аргагүй манай бүтээлч хамт олны Монгол Улсын Баатар үйлдвэрийнхээ хөгжилд оруулж байгаа бодит хувь нэмэр юм.


-Бүтээмжийг үйлдвэрлэлийн орц, гарц, эдийн засгийн үр ашгаар нь хэмжиж болох ч зарим тохиолдолд хэцүү байх.

-Үр ашгийн тооцоололыг бид төсөл бүр дээр хийж тооцож ажиллаж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрт санаачлан шинээр хэрэгжүүлсэн манай албан хэрэг хөтлөлтийн Мэдээллийн нэгдсэн системийг дурдаж болно. Баримт бичгийн эргэлт томоохонд тооцогдох манай үйлдвэрийн хувьд энэ бол томоохон шинэчлэл авчирсан ажил болсныг үйлдвэрийн газрын энэ системийн хэрэглэгч бүр талархаж байдаг. Бид Нийслэлийн томоохон байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн программтай танилцаж байхад төрийн байгууллагууд гаднын байгууллагаар хийлгүүлсэн өндөр зардлаар бүтсэн программыг ашигладаг, явцын сайжруулалтын ажилд ч төлбөр төлж байгаагаа хэлж байлаа.

Үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Мэдээлэл, технологийн хэлтэс, Холбоо, мэдээлэл, технологи, автоматжуулалтын цехийн 15 орчим мэргэжилтэн 2 жилийн хугацаанд байгууллагын онцлог, мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн албан хэрэг хөтлөлтийн E-doc, E-office программыг ямар ч нэмэлт зардалгүйгээр бүтээсэн. Зах зээл дэх энэ системийн өртөг 500 орчим сая төгрөг болно. Ийм хэмжээний мөнгийг бид хэмнэсэн гэсэн үг.

Нөгөө талаас бүтээмжийг хэмжихэд бэрхшээлтэй тохиолдол бас бий. Эрдэнэт үйлдвэрт 20 гаруй салбарын мэргэжилтнүүд ажилладаг. Ялангуяа нийгмийн салбарын эрүүл мэнд, спорт, соёл урлаг, боловсролын салбар, захиргааны ажлын бүтээмжийг яаж хэмжих вэ гэж. Өөрөөр хэлбэл, биет бус үр дүн, үр ашгийг хэрхэн тооцох вэ? Үйлдвэрлэлээс бусад  ажил, мэргэжлийг ямар аргачлалаар хэмжих вэ гэдэг нь чухал. Жишээ нь: айгууллагын ажилтнуудын хэдэн хувь нь байгууллагын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгааг нь үндэслэж  гүйцэтгэлийн үнэлгээгээр үнэлэх аргачлалыг хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай.

 

-Бүтээмжийн хувь хүнд өгдөг хамгийн чухал зүйл юу вэ?

-Бүтээмжийн үйл ажиллагааны оролцооны үр дүнд хүн урт хугацаандаа өөрчлөгддөг. Байнга л юуг, яаж сайжруулах вэ гэж эрж хайдаг болчихдог. Бүтээмж хэнд ашигтай вэ гэвэл байгууллага төдийгүй ажилтанд ашигтай. Бүтээмжийн үйл ажиллагааг анх хэрэгжүүлэхдээ эхлээд том үр дүн хүлээгээд хэрэггүй. Бид 10 гаруй жилийн хугацаанд бага багаар сайжруулж ажилласны үр дүнд өнөөдрийн үр дүнд хүрсэн. Мөн ажлаа илүү сайжруулъя гэсэн зөв хандлагатай олон ажилтантай болсон. Эдийн засгийн хувьд үр ашигтай, бүтээмжтэй байхын төлөө өдөр бүр саналаа ирүүлдэг олон олон ажилтантай болсон.


Нөгөө талаас, хувь хүнд гарч байгаа өөрчлөлтийн хамгийн чухал нь хандлага юм. Ажилдаа, гэр бүлдээ, хамт олондоо хандах хандлага өөрчлөгдөхөөр амьдралын чанар нь сайжраад ирдэг. Ажилдаа дуртай болдог. Илүү бүтээлч болдог.  Энэ бол дэвшил. Энэ бол хөгжил. 


-Бүтээмжийн хөдөлгөөний дараагийн шат нь юу вэ?

-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүний нөөцийн менежментийг шинэ шатанд гаргах арга замаа тодорхойлсон. Дэлхийн жишиг, Монголын бахархал байх үйлдвэрийнхээ алсын хараа, эрхэм зорилгод тулгуурлан олон улсын түвшинд хүрэхүйц хүний нөөцийн менежментийн тогтолцоог бий болгох, засаглал, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх шаардлага үүссэн. Энэ шаардлагыг олон  улсын стандарт нэвтрүүлснээр хангах юм.

Стандартыг ярихгүйгээр Монгол Улсын хөгжлийг ярих боломжгүй. Стандарт хэрэгжсэнээрээ үйлдвэрийн газрын үйл ажиллагааны процессын алдагдлыг олж илрүүлэн, ажлын давхардлыг арилгах замаар бүтээмж нэмэгдүүлэх, өсгөх боломж бүрдэж байгаа юм.

Аливаа улс орон, байгууллага үйл ажиллагаандаа стандартыг хэр их нэвтрүүлж, хэрэгжүүлнэ тэр хэрээр үйл ажиллагаа нь хүртээмжтэй, өндөр бүтээмжтэй байж, үр дүнтэй үйлдвэрлэлийг бий болгодог.


Стандартыг зөвхөн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд бус, тухайн байгууллагын хамгийн үнэ цэнтэй баялаг болох хүний нөөцөд хэрэгжүүлэх боломжтой болсон.


Иймд бид хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO30400 багц олон улсын стандартыг хэрэгжүүлэн Франц Улсын AFNOR группээр баталгаажуулж чадсан нь Монгол Улсын төрийн байгууллагууд уул уурхайн салбарт анхдагч сайн туршлагыг бий болгож чадлаа.

Стандарт бол тасралтгүй сайжруулах процесс бөгөөд бид стандартыг хэрэгжүүлэх явцад гарсан сайжруулалтын саналуудыг бүтээмжийн үйл ажиллагаагаараа дамжуулан хэрэгжүүлж чадсан нь бидний давуу тал болсон. Тухайлбал бид ISO30400 багц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай ажилтнуудаас гарсан 73 саналыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн хэрэгжүүлснээр хүний нөөцийн бүрдүүлэлтийн нэгжийн өртгийг тооцдог болсон, ажиллах хүчний бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл явцыг хэмждэг болсон зэрэг нь стандартыг бүтээмжийн үйл ажиллагаагаар дамжуулах хэрэгжүүлэх боломжтойг батлан харуулж байна. Тиймээс хүний нөөцийн стандарт нэвтрүүлээд ирэхээр илүү урт хугацаандаа хэрэгжих тогтолцоо бүрдэх давуу тал бий болно. 

-Ярилцсан танд баярлалаа. 

Related news