АРХАНГАЙ: Тарьж суулгасан мод, бут сөөгийн ургалт 90,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-05 14:16:39

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны хавар, намрын мод тарилтын үеэр нийт 497016 ширхэг мод, бут сөөгийг тарьжээ. Ингэхдээ ногоон байгууламж бий болгох, нэмэгдүүлэх, ойн нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулахад зориулж үр, мөчрөөр болон шилмүүст, навчит төрлийн суулгацыг тарьж, усалгаа, арчилгааны ажлыг гүйцэтгүүлжээ.


Нийт мод үржүүлгийн газарт тарьж бойжуулсан тарьц, ойн нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид тарьж суулгасан мод, бут сөөгийн ургалт (амьдралт) 90,2 хувьтай байна.


Аймгийн хэмжээнд ойн үр, дагалт баялгийн цэцэглэлтийн үеийн судалгааг Сум дундын ойн анги, сумдын байгаль хамгаалагч, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүд, нутгийн иргэдтэй хамтран нүдэн баримжааны аргыг ашиглан хийж ажилласан байна. Судалгааны дүнд үндэслэн мод, сөөгийн үрийн нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллажээ.


Хайлаасны үрийн болц гүйцсэнтэй холбогдуулан ойн ангиуд, ойн мэргэжлийн байгууллагууд тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 30 орчим кг үрийг түүж, мод үржүүлгийн газарт тарьж ургуулсан байна. Мөн Сум дундын ойн ангиуд шархуайсны 30 кг үрийн нөөцийг бүрдүүлжээ.


Шилмүүст модны үрийн ургалт, болц гүйцэх үеийн судалгааг тогтмол гүйцэтгэж, Сум дундын ойн ангиудтай хамтран “Нэг байгаль хамгаалагч-50 кг шинэсний боргоцой” түүх аяныг өрнүүлж, аймгийн хэмжээнд 60 кг шинэсний цэвэр үрийг түүж, 2023 оны хавар мод үржүүлгийн газарт тарих нөөцийг бий болгоод байна.

Related news