ОРХОН: “Эрдэнэт хотын өдөр” тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-12 08:03:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 11–нд Эрдэнэтийнхэн  "Эрдэнэт хотын өдөр", "Анхдагч илгээлтийн эзэд"-ийн баяраа тэмдэглэдэг.

1975 оны 12 дугаар сарын 11-ний АИХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор 1976 оны 1 дүгээр сарын 1-нээс Эрдэнэт хотыг байгуулах тухай шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийн дагуу 2017 оноос Эрдэнэтийнхэн хотынхоо төрсөн өдрийг бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн баяраар Эрдэнэт хотын хүндэт иргэнээр К.Даулетбай, Д.Хасбаатар нарыг шалгарууллаа. К.Даулетбай нь Эрдэнэт хотын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргааны мэргэжилтнээс Орхон аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын албыг хашиж байсан юм.

Д.Хасбаатар нь Улаантолгойн сангийн аж ахуйн анхны тракторчин, комбайнчнаар 30 гаруй жил ажилласан юм.

“Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ийг шалгаруулахдаа Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулж ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн, Орхон аймагт 30-аас дээш жил ажилласныг нь үндэслэдэг. Тус шагналыг анх 2006 онд Эрдэнэт хотын 30 жилийн ойгоор анх олгож эхэлсэн бөгөөд энэ жил 42, 43 дахь иргэндээ гардууллаа. 



Related news