ДАРХАН-УУЛ: Үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг нээлттэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-09 18:18:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болж засаг дарга хэлтэс, агентлагийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгч, зарим захирамж шийдвэрийг танилцууллаа.

Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг нээлттэй болгохоор шийдвэрлэжээ. Хүнсний аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг дагаж мөрдүүлэхээс бусдаар бизнесийн бүх үйл ажиллагааг төрөөс ямар нэг дарамт шахалт үзүүлэхгүй байхыг анхаарууллаа. Баар, рестораны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, хаах цаг дөхөхөөр цагдаагийн алба хаагч шаардлага тавих зэргийг болиулах ажээ. 

Мөн аймгийн хэмжээнд сар бүрийн 17-ны өдрийг архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон байдаг. Тэгвэл хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон шинэ жилийн баяртай холбогдуулан зөвхөн энэ сарын 17-ны өдөр ердийн нөхцөлөөр ажиллах боломжийг нээжээ.

Related news