ДУНДГОВЬ: Г.Наранбум: Тоглоомын аргаар англи хэлийг сурах нь үр дүнтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-12 10:54:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын “Цэгц Билиг” сургуулийн “Англи хэлний зөвлөх, сургагч” сурагчид бусад сургуулийн дунд ангийн сурагчдын англи хэлний уншлага, яриа, сонсголыг хөгжүүлэх “Learning English is Fun” өдөрлөг зохион байгуулж, 70 гаруй хүүхэд оролцжээ.

Тус өдөрлөгийг бага болон дунд ангийн сурагчдад англи хэлийг хэрхэн сонирхолтой бөгөөд үр дүнтэй байдлаар зааж, сургах аргуудыг хуваалцах зорилгоор “Ид шидийн орон-Дундговь” болон “FLEX Alumni Mongolia” Олон улсын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.  

Англи хэл сурах орчин, сурсан зүйлээ бататган илэрхийлэх чадвар хүүхдүүдэд дутагддаг тул тэднийг тоглоомын аргаар хөгжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг хэмээн англи хэлний багш Г.Наранбум онцолсон.

Өдөрлөгийн хүрээнд “Англи хэлний зөвлөх сургагч” сурагчид оролцогчдыг 5 өртөөгөөр аялуулж, өртөө бүр дээр тоглоом тоглуулах, үзэх дуртай хүүхэлдэйн киноны үйл явдлыг яриулах, таавар таалгах зэрэг 5 өөр аргаар өртөөчлөн бага хугацаанд илүү их ярих, сонсох, унших чадварыг нь хөгжүүлж, өртөө бүр дээр хүүхдүүд өөрсдийн чадвараар зоос цуглуулан, цуглуулсан зоосоороо өөрийн дуртай зүйлсийг худалдан авч байлаа.

Тус өдөрлөгт оролцсон хүүхдүүд мөнгөөр биш өөрийнхөө чадвараар зоос цуглуулаад ном, дэвтэр, харандаа, үзэг бал гээд өөрт хэрэгцээтэй зүйлийг худалдан авч байгаа нь их гоё байна, мэдэхгүй үгээ цээжилж, өөрийнхөө ур чадвар ямар байгааг мэдэж авлаа гэх мэтчилэн сэтгэгдлээ хуваалцлаа.  

“Англи хэлний зөвлөх сурагч” хөтөлбөрийг БШУЯ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газраас 50 сургууль дээр хэрэгжүүлж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны 5 дугаар 31 хүртэл үргэлжлэн, манлайлах чадвартай, англи хэлний чадвараа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэл бүхий сурагчдыг сонгон 120 цагийн англи хэлний хэлзүйн бүх чадварыг нэмэгдүүлэх нэмэлт хичээлийг судалж байгаа аж.  

Математикийн гүүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц Билиг” сургуулийн “Англи хэлний зөвлөх сурагч” хөтөлбөрт 21 сурагч сонгогдон суралцаж байна.  

Related news