ГОВЬ-АЛТАЙ: Нийт төрөлтийн 95.8 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-14 15:15:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 947 эх амаржиж, 952 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 237 тохиолдлоор буурсан байна. 


Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95.8 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 518 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 107 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 57.1 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Энэ оны эхний 11 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 860 эмэгтэй хамрагдсан ба 88.8 хувь нь эхний гурван сартайд, 9.9 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцлон мэдээлэв.

Сонирхуулахад, мөн хугацаанд аймгийн хэмжээнд 952 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 239 хүүхдээр буюу 20.1 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 528 буюу 55.5 хувь нь хүү, 424 буюу 44.6 хувь нь охин байна. Тэдний 6.5 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай ЭМГ-аас танилцууллаа.


Related news