ЗАВХАН: Малын халдварт өвчнөөс сэргийлэхэд сурталчилгааны ажлыг эрчимтэй хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-14 17:25:21

Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул сум малын эрүүл мэндийг хамгаалахад онцгойлон анхаарч байна.

Тухайлбал, энэ онд 1200 тун вакцинаар оторт байгаа үхрийг вакцинжуулах ажлыг хийжээ. Мөн сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн хавар мал, амьтны гоц халдварт өвчин батлагдсан тул  “Хорио цээр тогтоох” тухай  сумын Засаг даргын 2022 оны 8-р сарын 26-ны өдрийн А/153-р захирамж гарган ажиллажээ.

Захирамжийн хүрээнд малын шүлхий өвчний голомтын болон сэжигтэй бүсэд байгаа малчидтай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж, голомтын бүсэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт хийж, мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг  зориулалтын ДУК автомашинаар цаг алдалгүй хийсэн.

Энэ үед 10  хот, 7500  бог мал  болон 1500м2  талбайд  ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсний үр дүнд малын халдварт шүлхий өвчнийг устгаад байна.

Мөн мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг 22 өрхийн 28 өвөлжөө,  малын хашааны 16200 м2 газарт ариутгалын ажлыг хийжээ.

Энэ жил малын тоо толгойн албан татварын санхүүжилтээр 40,0 сая төгрөгийн үнэ бүхий зориулалтын ДУК автомашин худалдан авч, малын ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байна.

Энэ нь ч үр дүнгээ өгч, өнөөдрийн байдлаар тус суманд малын гоц халдварт өвчин гараагүй, Харин малын шүлхий өвчин өмнө нь гарсан цэгүүдэд халдвараас сэргийлэх урьдчилан сэргийлэх мэдээллэл сурталчилгааг эрчимтэй хийж байна. Энэ жил нийт 3200 гаруй малчинд зөвлөгөө мэдээллийг хүргэж ажилласан гэж Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Related news