ГОВЬ-АЛТАЙ: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-27 12:41:27

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны форум уулзалт энэ сарын 24-нд Алтай хотноо боллоо.

Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны түүхэн 30 жилийн ойн хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн шинэ мэдээ мэдээлэл олж авах, хамтарч ажиллах боломжийг дэмжин бизнесийн хөгжлийн чиг хандлага, зээл, хөнгөлөлт, ажлын байр нэмэгдүүлэх болон шинэ бизнес хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, НҮБ-ын хүүхдийн сан хамтран  хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгууллаа. 

Форум уулзалтыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлт, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Тухайлбал:  Нарансэвстэйн боомтыг нээхийн ач холбогдол, Малчдын зөвлөгөөний үеэр гарсан шийдвэрүүд, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр нээхийн давуу тал, боломж, гарц шийдэл, Боловсролын салбарт гарсан ахиц дэвшил, аймаг орон нутгийн бүтээн байгуулалтад бизнес эрхлэгчдийн зүгээс хамтран ажиллах боломжуудын талаар мэдээлэл өгч, шинээр битүү зах барих ажилд хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал санаачилга дэвшүүллээ. 

Мөн өрхийн ундны усны аюулгүй байдлыг хангах, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн шийдлүүд, ус эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэх мэдээллүүд тус форумд оролцогчдод өгсөн юм.


Энэ үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймаг орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн салбартаа манлайлж яваа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шагнал гардуулав.

Related news