БУЛГАН: Тариалангийн талбайд 13,8 км ойн зурвас байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-01-03 14:37:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн онд “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалангийн талбайг элэгдлээс хамгаалах зорилгоор мод бут тарих ажлыг зохион байгуулсан. Таримлын оновчтой сэлгээг нэвтрүүлэх, хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэлээс хамгаалах замаар хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор тариалан бүхий газарт 13,8 км хамгаалалтын ойн зурвас тариалсан байна.

Баян-Агт, Хишиг-Өндөр, Бугат, Рашаант суманд тариалангийн талбайн 58,0 га талбайд 6,2 мянга гаруй мод тарьж, Баяннуур сумын “Баяннуур Баяншугуй” нөхөрлөл жимс, жимсгэний 74,8 га талбайд ойн зурвас, Рашаант суманд чацарганы 10 га газрыг тойруулан хоёр эгнээ хамгаалалтын зурвас байгуулжээ.

- “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж газар тариалангийн салбарт ойн зурвас байгуулах ажлыг аймаг, сумын Засаг даргын хамтран ажиллах гэрээнд тусган хэрэгжүүлж байна. Тариалангийн талбайг өвлийн улиралд хашиж хамгаалдаггүй учир тарьсан мод, суулгац мал хөлд үрэгдэх шалтгаан болж байна. Аймгийн хэмжээнд тарьц, суулгацны хүрэлцээ хангалтгүй байгаа зэргээс газар тариалангийн салбарт ойн зурвас байгуулах ажил төлөвлөсөн хэмжээнд хэрэгжихгүй байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан хэллээ.

Related news