ЗАВХАН: Сургууль, цэцэрлэгийн 21 мянга орчим хүүхэд цэвэр усаар хангагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
ЗавханМОНЦАМЭ/.
Тус аймгийн боловсролын салбарын 90 орчим байгуулага НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр
ус цэвэршүүлэгч аппараттай боллоо.
Завхан аймгийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэгт хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ус уух дадал хэвшлийг төлөвшүүлэх. Хүүхдүүдийг цэвэр ус уух боломж нөхцөлөөр нь хангах зорилготой бодлогоор хамтран ажилласны үр дүн гарч байна.
Аймгийн ЗДТГ, Боловсрол Шинжлэх Ухааны газраас НҮБ-ын Хүүхдийн санд
хүсэлт тавьж, Хүүхдийн сангийн санхүүжилтээр 177 ширхэг ус цэвэршүүлэгчийг
хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд гардуулан өглөө. Сургууль,
цэцэрлэгүүдэд ус цэвэршүүлэгч аппаратыг гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг
дарга Д.Түвшинжаргал, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Д.Бямбацогт, НҮБ-ын
Хүүхдийн сангийн “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд
тэсвэртэй, ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн зохицуулагч
Т.Дашцэрмаа нар оролцлоо.
Боловсролын
салбар, ялангуяа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэвэр,
эрүүл ахуйн асуудалд яагаад анхаарах ёстой вэ?
-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 6-д: “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангана” хэмээн заасан. Энэ 6-р зорилттой холбоотойгоор 2030 он гэхэд хүн бүрийг аюулгүй, боломжийн үнэтэй ундны ус, тэгш хүртээмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангасан байх шаардлагатай болж байна. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сантай энэ чиглэлээр Завхан аймаг хамтран ажиллаж бодит үр дүнг бий болгож байгаа жишээ нь энэ юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн (НҮБХС) мэдээлснээр аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжийн дутагдалд орсон хүүхдүүд суулгалт болон амьсгалын замын халдварт өртсөнөөр тэжээлийн дутагдал, өсөлтийн хоцрогдолтой болж, улмаар өвчин эмгэгийн улмаас хичээл сургуулиасаа завсардах шалтгаан болдог. Хүүхдүүд чанартай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар бүрэн хангагдсанаар эрүүл ахуйн мэдлэг эзэмшиж, зөв дадал олж авдаг бөгөөд уг дадал нь тэдний насан туршийнх болон хөгждөг тул сургуулийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
НҮБ-ын Хүүхдийн сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. НҮБ-ын дэмжлэгээр олгогдсон, энэхүү ус цэвэршүүлэгч аппаратыг MNS6782: 2019 ерөнхий шаардлагад нийцүүлэн, 75 хүүхдийн дунд зориулалтын нэг ус цэвэршүүлэгч байхаар зааж өгсний дагуу хүүхдийн тоонд харьцуулан сургуулиудад хуваарилаад байна.
Хуваарийн
дагуу Завхан аймгийн ерөнхий боловсролын 29 сургууль, 7 сургуулийн дотуур байр,
зургаан Мэргэжлийн боловсрол, Политехникийн коллеж, Мэргэжил сургалтын төв,
Хөгжим бүжгийн коллеж, 47 цэцэрлэг, БШУСГ, Насан туршийн боловсролын төв зэрэг
байгууллагад ус цэвэршүүлэгчийг гардуулан өглөө.
Ингэснээр Завхан аймгийн 5197 цэцэрлэгийн хүүхэд, 15778 ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд, 1146 багш ажилтнууд стандарт хангасан ундны усаар хангагдаж байна. Улсын хэмжээнд Завхан аймаг хүүхэд бүрд цэвэр ус уух боломжийг бүрдүүлсэн жишиг аймаг болж байна гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв.
Сургууль цэцэрлэгүүд, ус цэвэршүүлэгчтэй болсноор олон талын ач холбогдол, үр дүнг бий болгоно.
Хүн эрүүл байхын тулд өдөрт 2 литрээс багагүй цэвэр ус уух шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр тусмаа өсөж яваа хүүхдүүдийн хувьд өдөр тутамдаа цэвэр ус ууж хэвших нь эрүүл өсөлтөд чухал нөлөөтэй байдаг байна. Гэтэл сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэд хүссэн үедээ цэвэр усыг тогтмол уух боломж нь тийм ч хангалттай бус байсан.
Тэгвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой хуваарь төлөвлөлтийн дагуу Хүүхдийн сангийн дэмжлэгээр Завханы сургууль, цэцэрлэгүүд ус цэвэршүүлэгч аппаратаар бүрэн хангагдлаа. Өнөөдөр хүүхэд бүр цэвэр ус уухын ач холбогдлыг танин мэдэх, өдөр тутамдаа зөв дадалтай болж, цаашлаад усаа хайрлаж, гамнах тухай мэдлэгээ ч нэмэгдүүлэх боломж бий болсон гэж нэмж дуулгав.
Монгол Улсад сургуулийн ялангуяа хөдөө орон нутгийн сургуулийн ус, ариун цэвэр эрүүл ахуйн асуудал олон жилийн туршид орхигдсоор иржээ. Харин 2010 оны эхэн үеэс сургуулийн ус ариун цэвэр эрүүл ахуйн асуудал нь бодлого боловсруулагчдын анхааралд өртөж эхэлснээр БСШУСЯ, ЭМЯ болон Сангийн яам хамтран 2015 онд “Цэцэрлэг, сургууль, дотуур байрны ус ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-ыг баталсан аж.