СҮХБААТАР: Удирдах ажилтнууд 2022 оны ажлаа дүгнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-02-09 12:43:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн удирдах албан хаагчдын удирдлагын манлайллыг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн ойлголт, мэдээллээр хангах зорилгоор өнгөрсөн оны ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцдэг Сүхбаатар аймгийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн эхэллээ.




Аймгийн Засаг дарга М.Идэрбат УИХ-ын гишүүд, аймаг сумд, ААНБ-ын удирдлагууд гээд 100 гаруй албан хаагчийг хамруулсан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, улиран одож буй “Буян үйлдэгч” хэмээх бар жил манай аймгийн ард иргэдэд ивээл буянаа хайрлаж, амьдрал ахуйд нь амжилт бүтээл дагуулсан онцгой жил болон өндөрлөж байна.


1942 онд тулгын чулуугаа тавьж байсан Сүхбаатарчууд бид төрөлх аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг амжилт арвин угтаж, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, хөгжлийн тодорхой үе шатуудад манлайд нь явж ирсэн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн “Сүхбаатарын одон”-оор шагнууллаа.


Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 19.1 мянга, хүн ам 65.9 мянга болж, урьд оноос өрх 329-өөр, хүн ам 684-өөр өслөө. Аймгийн эдийн засгийн гол бааз суурь болсон мал сүрэг урьд оноос 441,9 мянган толгойгоор өсөж, 4.6 сая толгой малтай болж мал сүрэг таван төрөл дээрээ өслөө. Иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал бүхий л салбарт хөрөнгө оруулалтын ажил хийв. 2022 онд төлөвлөсөн ажлуудаа амжилттай хийж, хэрэгжүүлэн тодорхой үр дүнг гаргахад хамтран ажилласан УИХ-ын гишүүд, сумдын удирдлага, баг хамт олондоо талархал илэрхийлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.


Өнгөрсөн онд орон нутгийн хөрөнгө оруулалт 32.8 тэрбум төгрөг болж өмнөх оноос 24.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Аймгийн төв 2022 оны байдлаар таван тойрог замаар бүрэн холбогдож, 60 гаруй км авто замыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Баруун-Урт” соёл амралтын хүрээлэн, Спорт цогцолборын барилгын ажлууд эхэлж, аймгийн төв цэнгэлдэх хүрээлэн, Баруун-Урт сумын төв цэвэрлэх байгууламж, Наран сумын сургуулийн 50 ортой дотуур байрны барилга, Онгон сумын 160 хүүхдийн суудалтай сургууль, Баруун-Урт хотын нэгдүгээр багт хэсэгчилсэн 3,03 км авто зам, Баруун-Урт хотын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн урлагийн заалны өргөтгөлийн барилга зэрэг олон ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороод байна.


Өнгөрсөн онд аймгийн ИТХ таван удаа хуралдаж 40 гаруй тогтоол шийдвэрийг гаргалаа. 2023 онд аймгийн ИТХ-аар сум орон нутгийг хамарсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлууд хийхээр төсөв санхүү, төлөвлөлт ажил батлагдсан. Иймээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь үр дүнтэй хийж гүйцэтгэх ажилд шат шатны төрийн байгууллагууд анхаарч, ажиллах үүрэг хариуцлага чухлыг анхаарууллаа.

Мөн 2023 оныг аймгийн ИТХ-аасХүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жилболгон зарласан. Дэмжих жилийн хүрээнд сум, төсөвт байгууллагууд тодорхой ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм.


Зөвлөгөөнөөс олж авсан мэдлэг мэдээллээ ажил хэрэг болгон албан хаагчдаа чадавхжуулж, улмаар иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай чирэгдэл, ялгаварлалгүйгээр хүргэж, орон нутгийн төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэн, албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн хууль тогтоомжийг чандлан сахиж, төсвийн хэмнэлтэд онцгой анхаарч ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр агентлаг албад, төсөвт байгууллага, сумдын удирдлагуудад захилаа.

Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 2022 оны ажлаараа манлайлсан сум, ААНБ-ын шалгаруулахын зэрэгцээ төгсгөлд нь аймгийн Засаг дарга 2023 оны хамтран ажиллах гэрээг удирдлагуудтай байгуулна.

 

Related news