ДАРХАН-УУЛ: 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-13 07:35:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Тус хурлаар нийт 19 асуудал хэлэлцсэн аж. Үүний дотроос онцлох нэг асуудал нь Залуус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлав.  




Залуус-1” хороололд 9050 айлын нийтийн орон сууц барих бөгөөд энэ нь Дархан сум 13 дугаар багт нийт 102 га талбайд 6-12 давхар мөн 16 давхар нийтийн орон сууц барих ажээ. Харин Залуус-2” хороололд 1160 айлын орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд Дархан сум 15 дугаар баг, Мангиртын зургаадугаар хэсгийн зүүн талд нийт 23 га талбайд байгуулах аж. Уг хоёр хороололд сургууль, цэцэрлэг, төрийн болон хувийн үйлчилгээний барилга төлөвлөгдсөн. Тодруулбал 150 ортой цэцэрлэгийн барилгыг хоёр байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, 1.6 га талбайд ногоон байгууламжүйлчилгээний барилга байхаар тусгажээ.




Улсын төсвийн 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн инженерийн шугам, сүлжээний санхүүжилтийг шийдвэрлэсэн аж. Ингэснээр “Залуус-1,2” хороололд орон сууц худалдан авах иргэд зах зээлийн үнийн дүнгээс тодорхой хэмжээний бага үнээр худалдан авах боломж бүрдэнэ.




Өнөөдрийн байдлаар 109 мянга гаруй хүн амтай Дархан-Уул аймаг нь 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулах улмаар 2035 онд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоог 300 мянгад хүргэхээр төлөвлөжээ. Тиймээс тус зорилтын хүрээнд хийхээр төлөвлөсөн эхний томоохон ажил нь дэд бүтцийг сайжруулж, орон сууцны хорооллыг тэлэх “Залуус хороололтөсөл ажээ.

Related news