ЗАВХАН: Амьжиргаагаа алдах эрсдэлтэй малчин өрхүүдэд тусламжийн багц өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Тус
аймгийн зудын эрсдэл нэн өндөр байгаа таван сумын малчдад НҮБ-ын хоёр
байгууллага, ХХААХҮЯ-ны хамтарсан тусламж дэмжлэгийг үзүүлжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,
хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг
хамгаалах нь” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд зудын эрсдэл ихтэй
аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдийн чадавхыг бэхжүүлж, яаралтай тусламжийн
багцыг олгож эхэлжээ. Завхан аймгийн зудын эрсдэлтэй байгаа таван сумын
малчдад тусламжийг хүргэх, тэдний нөхцөл байдалтай газар дээр нь танилцах,
малчдыг чадавхжуулах сургалтыг өгөхөөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага,
аймгийн ХХААГ-ын хамтарсан баг ажиллаад иржээ.
НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Винод
Ахужа:
-Зудын эрсдэлийг бууруулахаар малчин өрхүүдэд тусламж
үзүүлж байгаа НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгуулллагын хамт олонд талархал
илэрхийлье. Нийт хэчнээн малчинд тусламж үзүүлэв?
-НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагыг төлөөлж орон нутагт ажиллаж байна. Бид зудын эрсдэлийг бууруулах, малчдын амьжиргааг хамгаалахад зориулж, 11 аймгийн 510 өрхөд тусламж үзүүлж байгаа. Завхан аймгийн тухайд нэн эмзэг 50 өрх энэ тусламжид хамрагдаж байна. Нэлээд олон шалгуур үзүүлэлтээр энэ өрхүүдийг сонгосон. Бидний үзүүлж буй тусламжид малын эрдэс витамин, бэлэн мөнгөний дэмжлэг байгаа. Завханы Алдархаан, Сонгино, Баянтэс, Отгон, Цагаанчулуут сумын 50 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн.
Эдгээр малчид энэ мөнгөөрөө улсаас 50 хувийн хөнгөлөлттэй борлуулж буй өвс
тэжээлийг худалдан авах боломжтой болсон. Малын эрдэс витаминыг малчдад өгснөөр
малын эрүүл мэндэд хэрэгтэй тэжээллэг эрдэс витаминаар малаа тордох, өвс
тэжээлийн чанарыг сайжруулах, өвлийг өнтэй давах боломжийг малчдад олгоод
байгаа юм. Мөн малчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтыг бид
аймгийн ХХААГ-тай хамтран зохион байгуулсан. Завхан аймагт нийт 45 сая
төгрөгийн багц тусламжыг өглөө. НҮБ-ын Хүн амын
сангаас нөхөн үржихүйн насны
эмэгтэйчүүдэд зориулсан багцыг дээрх нэн эмзэг, эрсдэлд байгаа малчин өрхүүдэд мөн олголоо.
-Зудын эрсдэлд байгаа малчин өрхүүдийн нөхцөл байдал ямар байна
вэ?
-Завхан аймгийн малчин өрхүүдээр орж, уулзаж, газар дээрх нөхцөл байдалтай нь танилцлаа. Малчдын байдал маш хүнд, олон тооны мал хорогджээ. Ихэнх малчид гар дээрээ бэлэн мөнгөгүйн улмаас өвс тэжээлээ худалдан авах боломжгүй байдалтай байна. Малчидтай уулзах үеэр тэднээс, цаашид биднээс ямар дэмжлэг авах хүсэлтэй байгааг нь асуулаа. Гэтэл малчдын ихэнх нь малын тоо толгойг бууруулж, малын чанарыг сайжруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тиймээс үндэсний хэмжээнд болон аймгийн хэмжээнд малын чанарыг сайжруулахад хамтран ажиллах шаардлагатай юм байна гэж харлаа.
НҮБ-ын ХХААБ-ын техникийн зөвлөх С.Жигжидпүрэв:
-Малчдад бэлэн мөнгөний тусламжаас гадна ямар тусламж
олгов?
-НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагаас улсын хэмжээнд зудын эрсдэл их байгаа 11 аймгийн амьжиргаагаа алдах магадлалтай 510 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ. Завхан аймгийн тухайд, зудын эрсдэл нэн их таван сумын 50 өрхөд нийт дүнгээрээ 26.9 сая төгрөгийн бэлэн мөнгийг, улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл худалдан авахад нь зориулан олголоо. Мөн эдгээр 50 өрхөд 3 кг малын эрдэс-витамины нэмэгдэл, 10 мянган төгрөгийн утасны нэгжийг, НҮБ-ын Хүн амын сангаас олгож буй нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн ариун цэвэр эрүүл ахуйн багцын хамт олгож байгаа юм. Түүнчлэн 5 сумын 50 малчин өрхөд тусламжийн багцыг хүргэж өгөхдөө сургалт хийхээс гадна эрсдэл ихтэй 10 суманд малчдадаа хүрч ажиллах түлш, шатахуун, албан томилолтын зардал 16 сая төгрөгийг аймгийн ХХААГ-т олгох гэрээ байгуулсан.
-Нэн эмзэг өрхийг ямар шалгуураар
үнэлж тусламж олгов?
-Зудын эрсдэлд байгаа малчин өрхүүдийг малын тооноос нь
хамаарч, 40-өөс доош насны ямар нэгэн нийгмийн халамжийн хязгаарлагдмал тэтгэмжтэй.
Өөрөөр хэлбэл, жирэмсний 40 мянган төгрөг авдаг, эсвэл цалинтай ээжийн тэтгэмж,
хоёр хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй. Өрх толгойлсон, оюутан хүүхэдтэй, гэхчлэн олон шалгуураар үнэлж, айл өрхийг
сонгож аваад бэлэн мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ нь цөөн тооны
малтай, хөдөлмөрийн насны, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй
гэр бүлийн гишүүнтэй. Мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, отор нүүдэл
хийх боломжгүй. Бүл чадал муутай нийгмийн зорилтот бүлэг, өрхийг сонгон амьжиргааны
хөрөнгийг нь хамгаалах, хүмүүнлэгийн яаралтай тусламж юм.
Мөн нэмэлтээр, 510 айлд НҮБ-ын хоёр байгууллагын хамтарсан тусламжийн багц хүрч байгаа юм. Зудын эрсдэл ихтэй 11 аймгийн 158 суманд аймгуудын ХХААГ-аар дамжуулан тусламж, сургалтууд хүрэх юм.
Улсын хэмжээнд 510 айлын дансанд, Төрийн банкаар дамжуулан мөнгө нь шилжсэн байна. Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд бэлэн мөнгөний шилжүүлгийг шимтгэл хураамжгүй шилжүүлж хамтран ажилласан. Малын тооноос хамаарч хонин толгойд шилжүүлснээр 100 хүртэлх толгой малтай айлд 350.0 мянган төгрөг, 300-320 хонин толгойтой өрхөд 750.0 мянган төгрөгийг шилжүүлж, мал сүргээ онд мэнд оруулах өвс, тэжээлтэй залгахад нь тусламж үзүүлж байгаа юм.
Малчид бэлэн мөнгө, тусламжийн багцаа аймгийн ХХААГ-аас авангуутаа, ХХААХҮЯ-ны дэргэдэх Малчны лавлах 109 утас руу залгаж мэдээлэх
үүрэгтэй юм.
Монгол Улс бол хоёрхон сар үргэлжилдэг дулааны богино, 50 хэм хүртэл хүйтэрдэг урт өвлийн улиралтай дэлхийн хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай орнуудын нэг юм. Гурван сая хүн амын ойролцоогоор 46 орчим хувь нь алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд тэдний дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Хүн амын гуравны нэг нь мал маллаж, бэлэн мөнгө, хоол хүнснийхээ 30 орчим хувийг аж ахуйгаасаа олж, амьжиргаагаа залгуулдаг.
Завхан аймгийн тухайд 18 сум зудын эрсдэлтэй байгаа бөгөөд өнөөдрийн
байдлаар 43.0 мянган том мал зүй бусаар хорогджээ. 2022-2023 оны өвөл, хавар
аймгийн хэмжээнд 9.9 мянган малчин өрхийн 6.6 сая мал өвөлжиж, хаваржиж байна.
НҮБ-ын мэдээлснээр, зуд гэдэг нь удаан
үргэлжилдэг, малын хорогдол хамгийн их гардаг гамшиг юм. Үүнийг эхэндээ уур
амьсгалын аюултай үзэгдэлтэй холбон тайлбарладаг байсан. Өөрөөр хэлбэл, зуны
ган гачиг залгаад мал бэлчээрлүүлэх боломжгүй, цас ихтэй эсвэл хүйтэн өвөл
болох. Харин одоо зуд нь уур амьсгалтай холбоотой гадаад хүчин зүйл болох,
малын тоо толгойн тэнцвэргүй байдал ба тэжээлийн нөөц зэрэг дотоодын хүчин
зүйлийн нийлбэр нөлөөгөөр бий болдог байна. Зудын эрсдэл нь цөөн малтай, олон
хүүхэдтэй малчин өрхүүдэд илүү хүндээр тусаж байна.