ГОВЬ-АЛТАЙ: Эрэлт ихэссэн ч иргэдийн худалдан авах чадвар муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-14 09:25:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт энэ жил цагаан идээ хомс, үнэ их байна. Тухайлбал “Шинэ-Алтай” захын  цагаан идээний тасагт  чихэртэй ааруул 1 кг нь 25000-35000,  чихэргүй ааруул 20000-40000, ээзгий 20000, тавгийн ааруул хэмжээнээсээ хамаараад 150-250 мянга, цагаан тос 1 кг нь 25000, өрөм 8-25 мянга, шар тос 30000, аарц 6000-10000, сүү 5500 төгрөгийн үнэтэй байна.


Өнгөрсөн жил тус худалдааны төвд сүү нэг литр нь 3500-4500, аарц 6500, ааруул чихэргүй нь 18000-20000, чихэртэй 22000-30000, цагаан тос нэг килограмм нь 23000, шар тос нэг килограмм нь 28000 төгрөгийн үнэтэй байсан бол ийнхүү энэ жил бүтээгдэхүүн тус бүр нэг килограмм нь 2000-5000 төгрөгөөр нэмэгджээ. 


"Өнгөрсөн өвөл, хавартаа зутруу байсан болохоор малчид төл төдийлөн сайн аваагүйн улмаас сааль хийж чадаагүй. Мөн бензин түлшний үнэ нэмэгдсэн. Энэ мэт шалтгаанаас хамаарч хангайн аймгийн цагаан идээ нийлүүлэгчид нааш цааш явах нь багасч цагаан идээгээ нийлүүлэх нь буурсан. Үүнтэй холбоотойгоор цагаан идээ ховор, үнэтэй байна" хэмээн цагаан идээний худалдаа эрхлэгч Д.Мэргэнчимэг хэллээ. Тэрбээр цааш нь ярихдаа: "Сар шинийн баяр дөхөж иргэдийн эрэлт ихэсч байгаа ч худалдан авах чадварыг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад маш их буурсан. Одооноос л борлуулалт бага зэрэг нэмэгдэж байна. Ихэвчлэн аав ээждээ өгнө гэж хүмүүс ааруул цагаан идээ авч байна, тэтгэвэр тэтгэмж, халамж буухаар авна гэсэн хүмүүс байна" гэдгийг онцлон хэлж байлаа.


Харин худалдан авагчид: "Одоогоор сар шинийн хэрэгцээгээ худалдан аваагүй л байна, үнэ судлаад явж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ жил ирэх тусам нэмэгдэж байна. Сарын цалин хаанаа ч хүрэхээ байсан. Тог цахилгаан, түлш түлээ, өдөр тутмын гурил, будаа, мах гээд сар талдаа оролгүй дуусч байна. Ийм байхад цагаан идээ авч чадахгүй байна, сар шинийн баяраар ёс болгоод авна даа. Бараг л таньдаг хүнээсээ зээлж авахдаа тулаад байна шүү дээ" гэлээ.

Related news