ЗАВХАН: Тухайн сум байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг өөрсдөө төлөвлөж, зарцуулахыг нарийн зааж өгсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-16 16:00:21

Завхан/МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газрын 43-р тогтоол шинэчлэгдэж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журамд нэмэлт өөрчлөлт оржээ. Энэ талаарх тодруулгыг Завхан аймгийн БОАЖГ-ын Усны асуудал, төрийн бус байгууллага судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Буянхишигээс авлаа.

 

-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах журамд ямар нэмэлт өөрчлөлт орсон юм бэ? Энэ журам энэ оноос эхлэн хэрэгжиж эхлэх үү?

-Засгийн газрын 43-р тогтоол шинэчлэгдэж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13.5-д заасныг үндэслэн  Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 02 дугаар тогтоолоор "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам"-ыг илүү боловсронгуй болгон баталсан.

Энэ журамд зааснаар сум орон нутаг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг өөрсдөө төлөвлөж бүрдүүлэн, зарцуулах эрхийг нарийвчлан зохицуулж өгсөн бөгөөд сум өөрийн байгалийн нөөцийн төлбөрөөсөө заавал байгаль хамгаалахад зарцуулахаар болж байна.


Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөө, түүгээр санхүүжигдэх арга хэмжээний нэр, зориулалтыг байгаль орчны мэдээллийн сан буюу www.eic.mn/finance -нд аймаг, сумдаар нэгтгэн оруулах талаар холбогдох цахим сургалтыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, ГХБХБГ, Татварын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд болон 24 сумын Засаг дарга, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд таван удаа цахимаар, танхимын сургалтыг дөрвөн удаа тус тус зохион байгуулаад байна. Өөрөөр хэлбэл энэ жилээс эхлээд БОАЖЯ орон нутгийн төсвийн төлөвлөлтийн үе шат бүрээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байгаа эсэхийг хянах боломжтой болоод байгаа юм.

-Тэгэхээр бүх орлого орон нутагт төвлөрөх нь ээ? Өмнө нь хаана төвлөрдөг байсан юм бэ?

-Энэ хууль 2012 онд батлагдсан бөгөөд Төсвийн тухай хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт төвлөрдөг байсан. Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай усны төлбөр аймгийн төсөв рүү, бусад нь сумын төсөв рүү төвлөрч байгаа. Хоёр жилийн өмнө бол газрын төлбөр аймгийн болон сумын төсөвт хуваагдан ордог байсан бол одоо газрын төлбөр бүхэлдээ суманд ордог болоод байгаа юм.

 

Энэхүү төлбөрийн орлогоос байгаль хамгаалахад зарцуулах хувь хэмжээ, хэрэгжүүлэх арга хэмжээг нь аймгийн байгаль орчин, аялал жуучлалын газар хариуцан гүйцэтгэдэгг нэгдсэн зохион байгуулалтаар хангадаг байсан. Гэвч энэ нь Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцтэй биш байсан.

 

Иймээс БОАЖЯ ба Сангийн яам хамтран 2022 онд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг НҮБХХ-ийн БИОФИН төслийн дэмжлэгтэйгээр шинэчлэн боловсруулж 2023 оны төсвийн жилээс улс даяар дагаж мөрдүүлэхээр болоод байна.

 

Шинэчлэгдсэн журмын дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны орлого аймгийн төсөвт төвлөрүүлэхээр байгааг аймгийн БОАЖГ аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудалд зарцуулахаар төлөвлөж, сумын төсөвт төвлөрч байгаа ахуйн хэрэглээний усны төлбөр, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр, ойн нөөцийн төлбөр, агнуурын нөөцийн төлбөр, газрын төлбөрөөс хуульд заасан хувь хэмжээний дагуу аймгийн БОАЖГ-тай зөвшилцөн, мэргэжил арга зүйн дэмжлэг авч өөрийн суманд тулгамдсан байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулахаар хуваарилах үүрэгтэй болсон нь хамгийн том онцлог юм.

 

-Энэ хуулийн үндсэн зорилго нь юу вэ?

-Үндсэн санаа нь байгалийн нөөц ашиглагч нь байгаль хамгаалахад хувь нэмэр оруулах ёстой гэдэгт оршиж байгаа юм. Байгалийн сэргээгдэх нөөцийг ашигласан бол түүнийхээ төлөө тухайн нөөцийг ашиглагчаас нь уг хуулийн дагуу тухайн сум оронд зохих төлбөрийг төлөх ёстой бөгөөд тэрхүү төлбөрийн орлого нь ашиглагдсан нөөцийг хамгаалах, эргүүлэн нөхөн сэргээхэд зарцуулагдах ёстой юм.

 

Энэ хуулийн дагуу амьтан агнасны төлбөрийн орлого сумын төсөвт орсон бол тэрхүү орлогын 50 хувиас багагүйг нь амьтан хамгаалахад зарцуулах ёстой юм. Жишээлбэл танай сумаас шонхор бариад сумын төсөв 35 сая төгрөг оруулсан байя гэж бодъё. Тэгвэл тэрхүү 35 сая төгрөгийн орлогоос хамгийн багадаа 17.5 сая төгрөгийг ан амьтан хамгаалах, амьтны амьдрах орчныг сайжруулахад зарцуулах ёстой юм.


Жишээлбэл, махчин шувууны суудал байгуулах, өндөр хүчдэлийн шонг шувуудад ээлтэй байдлаар засварлах гэх мэт олон ажил гүйцэтгэх боломжтой. Үлдэх орлогыг нь тухайн сум өөрөө нийгэм, эдийн засгийн бусад асуудлууддаа зарцуулах боломжтой юм. Гол шалгуур нь тухайн нөөцийг хамгаалахад хуульд заасан хувь хэмжээгээр зарцуулах хэрэгтэйг л анхаарах нь чухал байна.   

 

-Өмнө нь Завхан аймагт нийт хэчнээн төгрөгийн орлого орон төвлөрч, хэдэн хувийг нь захиран зарцуулдаг байсан бэ? 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээлснээр Завхан аймгийн хэмжээгээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого  2020 онд 1,1 тэрбум, 2021 онд 2,3 тэрбум төгрөг төвлөрч байсан. 2020 онд хуулийн хэрэгжилт 32,8 хувь, 2021 онд 11,0 хувийн хэрэгжилттэй гарсан байна. 2022 оны мэдээлэл хараахан эцэслэн гараагүй байна.


Ер нь энэ хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд маш хангалтгүй байсан тул өнгөрөгч оноос эхлэн БОАЖЯ-ны санаачилгаар ихээхэн хүчин чармайлт гарган хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар ажиллаж байгаа юм.


Манай аймаг ч гэсэн энэ талаар НҮБХХ-ийн БИОФИН төслийн дэмжлэгтэйгээр сум бүрд сургалт зохион байгуулах, сумын төсөвт байгаль хамгаалах арга хэмжээг тусгуулах гэх мэтээр нэлээд олон ажил зохион байгуулаад байна. Үүний үр дүнд манай аймгийн хэмжээнд төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.7 тэрбум төгрөгийн орлогоос 490 саяас багагүйг нь зарцуулахаар ИТХ-ууд батлаад байна. Өөрөөр хэлбэл 2023 онд Завхан аймгийн хувьд хуулийн хэрэгжилт бүрэн хангагдах боломжтой гэж үзэж байгаа.   

-Орлогыг захиран зарцуулахдаа мэдээж тухайн орон нутгийн тулгамдсан асуудлуудад зарцуулах нь ээ?

-Тэгэлгүй яахав. Байгалийн нөөц ашигласны төлбөр нь таны амьдран суугаа нутгийн байгаль орчныг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлэх нэг шийдэл юм. Жишээ нь ойн нөөц ашигласны төлбөрийн орлогыг багадаа 85 хувь тэр бүү хэл 100 хувь хүртэлх дүнгээр ойн аж ахуйн арга хэмжээнд зарцуулах шаардлагатай байна.


Жишээлбэл, Их-Уул сумын төсөвт ойн нөөц ашигласны төлбөр 2021 онд 77 сая төгрөг төвлөрснөөс 2022 онд ойн зурвас байгуулах ажилд 66 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь БНАТ-ын 02-р журмыг 100 хувь хэрэгжүүлсэн сум байна. Тосонцэнгэл суманд 2021 онд 151 сая төгрөг төвлөрснөөс 60 сая төгрөг буюу хуулийн хэрэгжилт 39 хувьтай байна. Ингэж зарцуулснаар бид цаашид ойн нөөцөө тогтвортой ашиглах, хамгаалан үлдэх боломжийг үүсгэж байгаа хэрэг юм.

 

Эцэст нь орон нутгийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа авч, жил бүрийн төсөвтөө зайлшгүй тусгаж байх нь ихээхэн чухал байна.

 

Аймаг, сумын ИТХ нь төсөв баталдаг. Хэрвээ төсвийн төсөлд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар тодорхой төсөв суулган батлахгүй бол хуулийн хэрэгжилт тэг хувь болно. ИТХ-аас БНАТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахуйц байдлаар байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлүүлж, түүнийг хэлэлцэн баталж байх нь зүйтэй байна.  


Тэгэхлээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг төлөвлөх зарцуулах, батлах ажилд сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, санхүү төрийн сангийн мэргэжилтэн, татварын байцаагч, газрын даамал, байгаль хамгаалагч нарын идэвх оролцоо маш чухал байна.

 

Хуулийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр зарцуулах чиглэлд БОАЖЯ, НҮБХХ БИОФИН төсөл хамтран ажиллаж байна. “Төлбөрийн орлогын хэсэг”-ийг зөвхөн тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой бөгөөд орон нутгийн төсвийг өргөн барьж байгаа Засаг дарга, шийдвэр гаргагч Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, төлөөлөгч ТАНЫГ байгаль орчноо хамгаалж, нөөцийг нөхөн сэргээх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд манлайлан оролцохыг уриалж байна.

-Танд баярлалаа. 

Related news