ЗАВХАН: Бэлчээрийг загвар байдлаар хашиж түр амраах туршлагыг малчид хэрэгжүүлж эхэлсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Идэр суманд АДРА Монгол Олон улсын байгууллага бэлчээрийн цогц менежмент төслийг хэрэгжүүлж байна. Төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж давхардсан тоогоор 400 гаруй малчин, иргэдэд бэлчээрийн ашиглалтыг сайжруулах талаарх мэдээлэл өгч хамтран ажиллажээ. Энэ талаарх тодруулгыг Бэлчээрийн цогц менежмент төслийн орон нутгийн ажилтан П.Одонтуяагаас авлаа.
-Бэлчээрийн цогц
менежмент төслийн зорилго юу юм бэ?
-“Бэлчээрийн цогц менежмент буюу Pasture Land Use it Sustainably- PLUS төслийн зорилго нь Олон улсын Сэвори Хүрээлэн (Savory Institute)-ийн бэлчээрийн ургамлыг нөхөн сэргээх, бэлчээрийн ашиглалтыг сайжруулах зорилготой боловсруулсан “Бэлчээрийн цогц менежмент”-ийн аргачлалыг Идэр суманд нэвтрүүлнэ.
Ингэхдээ бэлчээр ашиглагчдын хэсэгт суурилан аргачлалыг нэвтрүүлж, тэдний бэлчээрийг сайжруулах замаар Идэр сумын малчдын амьжиргааг тогтвортой дэмжих юм.
Үүний хүрээнд АНУ-д төвтэй Сэйвори Институттэй хамтран Идэр сумын
малчдад бэлчээрийн
цогц менежментийн аргачлалын болон бэлчээрийн төлөвлөлтийн онлайн болон
танхимын уулзалт, сургалтуудыг үе шаттай зохион байгууллаа. Төсөл анх 2021 оны зургаадугаар сараас
эхлээд нийт таван удаагийн сургалтад 126 хүнийг хамруулсан байна. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн цогц менежментийг нэвтрүүлэх замаар Идэр сумын
малчдын тогтвортой амьжиргааг дэмжиж, малчдын бүлэгт суурилан, Идэр сүүний цехийг
байгуулахтай холбоотойгоор суманд Бэлчээрийн Цогц менежментийн төвийг
байгуулаад буй юм. Энэ төслийн үр шимийг Идэр сумын 100 малчин өрх хүртэж
байна.
-Бэлчээр ашиглалтаас
гадна иргэдийг дадлагажуулах сургалтууд хийсэн гэсэн?
-Тийм ээ. Зуны бэлчээрийн төлөвлөлтийн гурван уулзалтыг Сэйвори Институтын мэргэжилтнүүдтэй хамтран онлайн хэлбэрээр өнгөрсөн оны 2-4 дүгээр сар хүртэлх хугацаанд гурван удаа зохион байгуулсан. Оролцогч малчид сумын газрын зураг дээр өөрсдийн бэлчээрийг тодорхойлж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний бэлтгэл ажил болгож Google Earth программд оруулж ажилласан.
Мөн зуны бэлчээртэй холбоотой судалгааны асуулгыг бөглөсөн байна. Энэ сургалтыг Сэйвори Институтын итгэмжлэгдсэн сургагч багш нар болох Дурукан Дуду, Байрон Шелтон, Ник Шарп нар удирдан зохион байгуулж, онлайн сургалтад нийт 70 малчин оролцсон. Харин танхимын болон дадлагын ажлыг хослуулсан хоёр удаагийн бэлчээрийн цогц менежментийн аргачлал болон экологийн үр дүнг баталгаажуулах сургалтыг Сэйвори институтийн сургагч багш нар Идэр сумын малчид болон төрийн албан хаагчдад амжилттай зохион байгуулсан.
Танхимын
болон дадлагын ажлыг хослуулсан энэхүү сургалтын үеэр оролцогчид Сэйвори
институтийн эксперт Николас Шарп-ийн удирдлага дор өмнөх онлайн сургалтуудаас
авсан мэдлэгээ бататгаж, бэлчээрийн нөхөн сэргээлтийн хугацааг тодорхойлж, зуны
бэлчээрийн долоон төлөвлөгөөг оролцооны аргаар хамтран боловсруулсан.
Түүнчлэн Сэйвори Институтийн экспертүүд Байрон Шелтон, Саймон Гүүдолл болон зурагчин Гиэрмо Фернандез нар Идэр суманд өнгөрсөн наймдугаар сард ажиллаж, экологийн үр дүнг баталгаажуулах (EOV) сургалтыг дадлагын хэлбэрээр зохион байгуулсан нь үр дүнтэй болсон бас их сонирхолтой.
Энэ сургалтад
орон нутгийн төр захиргааны байгууллагын зарим мэргэжилтэн, малчид, АДРА олон
улсын байгууллагын төслийн ажилтнууд гээд 60 орчим хүн оролцсон юм. Сургалтын
үеэр оролцогчдод бэлчээрийн газрыг хэрхэн “унших” талаар үнэтэй зөвлөгөө өгч,
экологийн богино хугацааны мониторингийг хамтран хийж гүйцэтгэсэн байна.
Мөн экологийн мониторингийн талбайг сонгон, суурь үзүүлэлтүүдийг
тодорхойлж, урт хугацааны экологийн эхний мониторингийг хийж, хөрсний дээж
цуглуулсан. Олон улсын экспертүүдийн хувьд оролцогчидтой өмнө нь онлайнаар
болон газар дээр нь зохион байгуулж байсан бэлчээрийн менежментийн хичээлүүдээ
давтаж,
хамтран дүгнэсэн үр өгөөжтэй сургалт болсон юм. Мөн үеэр Идэр сумаас хөрсний
дээж авч ХААИС-ийн хөрс, агро химийн лабораториар шинжлүүлсэн.
-Төслийн үр дүн гарч
байна уу?
-Бэлчээрийн цогц менежмент төслийг хэрэгжүүлж эхлээд, хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Төслийн үр дүнд, бэлчээрийн цогц менежментийн талаар мэдлэгийг малчдад түгээж, хэрэгжүүлсэн байна. Мөн Идэр суманд бэлчээрийн цогц менежментийн төв байгуулсан. Эмэгтэй малчдыг чадавхжуулах, орон нутгийн сүү сүүн бүтээгдэхүүний борлуулалт, чанарыг сайжруулах замаар малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлээд байгаа. Бодит үр дүн гарсан.
Идэр суманд зохион байгуулсан зуны
бэлчээрийн төлөвлөлтийн сургалтын ажлуудын нэг нь “бэлчээрийг загвар байдлаар
хаших” ажил байсан. Энэ нь бэлчээрийг түр амраан, ургамал ургах чадавхыг
тогтоох, нөхөн сэргээлтийг гүйцсэний дараа малаа оруулан бэлчээрлүүлэх замаар
хөрсөө бордохын ач холбогдлыг харуулах зорилготой.
-Бэлчээрийг хашина гэдэг нь хэр үр
дүнтэй вэ?
-АДРА олон улсын байгууллагын “Бэлчээрийн цогц менежмент” төслийн ажилтнууд өнгөрсөн жилийн тавдугаар сараас, 10 дугаар сар хүртэл Идэр сумын дөрвөн багийн Иргэдийн нийтийн хуралд оролцож төслийн үйл ажиллагааны мэдээлэл болон бэлчээрийн цогц менежментийн аргачлалын талаар танилцуулж нийт 201 малчинд хүрч ажиллажээ. Бэлчээрийн цогц менежмент төслийн үйл ажиллагааны гол цөм нь бэлчээрийг сэргээх юм.
Хэсэг хугацаанд бэлчээрээ амрааж ургамлын нөхөн
ургах хугацааг тодорхойлох. Нөхөн сэргэсний дараа малаа бэлчээрлүүлэн ялгадсаар
нь хөрсөө сийрэгжүүлэн бордох нь бэлчээрийн менежментийн нэг чухал хэсэг
болдог. Энэ аргачлалыг бодитоор харуулах зорилгоор Идэр сумын дөрвөн багт
бэлчээрийн дөрвөн хашаа барихаас өнөөдрийн байдлаар гурван багт гурван га
газрыг хашиж хамгаалаад байгаа юм.
Бэлчээрийг загвар байдлаар хаших энэ ажил нь бэлчээрийг түр амраан, ургамал ургах чадавхыг тогтоон, нөхөн сэргээлт гүйцсэний дараа хуваарьтайгаар малаа бэлчээрлүүлэх арга замаар хөрсөө бордох ач холбогдолтой юм. Тиймээс бэлчээр талхлагдал бага, хүрэлцээ ч сайжрах юм.
Эдгээр дөрвөн багийн хурлын үеэр төслийн сургалт, уулзалтад хамрагдан хамтран ажилладаг малчдаас өөрсдийн туршлагаа бусадтайгаа хуваалцсан юм. Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан Дархан-Уул багийн хуралд тус багийн малчин Г.Шаравжамц төслийн талаар нийт 78 малчинд өөрийн сурсан мэдсэн зүйлээ хэлж, цаашид хамтдаа бэлчээрийн төлөвлөгөөтэй ажиллахыг уриалсан.
Түүнчлэн Дархан-Уул
багийн малчин эмэгтэй Д.Эрдэнэсувд нь зуны бэлчээрийн төлөвлөгөө боловсруулан,
төлөвлөгөөний дагуу ажилласнаар итгэмээргүй үр дүнд хүрсэн байна. Тэрээр
өнгөрсөн оны тавдугаар сард Бэлчээрийн Цогц Менежмент төслөөс Сэйвори
Институтийн мэргэжилтэн Николас Шарп-тай хамтран зохион байгуулсан Зуны
бэлчээрийн төлөвлөлтийн сургалтад хамрагдсан. Ингэхдээ хот айл, саахалт
айлуудынхаа малчидтай хамтран зуны бэлчээрийн төлөвлөгөө боловсруулсан.
Д.Эрдэнэсувд хэлэхдээ: “Би насаараа мал малласан болохоор бэлчээрийн менежментийн талаар өөрийгөө сайн мэддэг гэж боддог байсан. Гэвч “Бэлчээрийн цогц менежмент” төслийн сургалтуудад сууснаар миний мэддэг байсан бүхэн өөрчлөгдсөн. Хэдийгээр энэ зун маш гантай байсан хэдий ч, зуны бэлчээрийн төлөвлөгөөний дагуу бэлчээрээ амраан, өвс ногоо нөхөн сэргэх хугацаанд нь хамтдаа малаа бэлчээрлүүлэхгүй байснаар ногоо сайн ургаж, хөрс эрүүлжиж, бэлчээр сайжирсан нь итгэмээргүй байлаа” хэмээж байв. Мөн тэрээр “Бэлчээрийн цогц менежментийн аргачлалаар бусад малчид ч гэсэн хамтран төлөвлөгөө боловсруулж, бэлчээрээ нөхөн сэргээж ажиллаасай хэмээн уриалж байна.
-Танд баярлалаа.
АДРА Монгол Олон Улсын
байгууллага зудын эрсдэлийн талаарх шуурхай үнэлгээгээ үргэлжлүүлэн хийж байгаа
бөгөөд байгууллагын яаралтай тусламжийн багийнхан зудад хамгийн их өртсөн
баруун аймгуудад анхаарлаа хандуулж байна.
Завхан аймгийн хувьд төслийн багийнхан зудад нэрвэгдсэн Идэр суманд анхаарлаа төвлөрүүлж тусламж үзүүллээ. Өнөөдөр Идэр суманд тал хээрийн нутгаар 15-22 см, өндөр уулархаг нутгаар 32-38 см орчим зузаан орсон цас хатууран хөлдсөн байна. Идэр сумын нийт хүн ам 2529 ба үүнээс 390 малчин өрх 139,930 толгой малтай байна. Одоогийн байдлаар нийт 104 малчин өрхөөс 64 өрхийн 1601 толгой мал зудад нэрвэгдэж зүй бусаар хорогдож болзошгүй байна.
Тиймээс Идэр сумын 50 малчин өрх бүрийн данс руу 300,000 төгрөг (85 ам. доллар)-ыг мөнгөн хэлбэрээр шилжүүлсэн ба үр шим хүртэгч өрхүүд хоол хүнс, малын тэжээл, өвс зэрэг шаардлагатай зүйлсийг худалдан авах боломжтой болсон. Онцгой байдлын үед авах уг арга хэмжээг АДРА Интернэйшнл, АДРА Азийн бүсээс болон Монголын Адвентист Чуулган санхүүжүүлжээ.