ЗАВХАН: Багш суралцагчдын хамтын ажиллагаа сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-01 17:16:15

Улиастай /МОНЦАМЭ/.Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт суралцагчдын 75 хувь нь дугуйлан, сонгонд хамрагддаг.

Тус сургууль нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 12 төрлийн дугуйлан, секц, клубийг хичээллүүлдэг. Эдгээрт нийт суралцагчдын 75 хувь нь буюу 353 нь хамрагдаж байна. Хүүхдүүдийг сонирхсон дугуйлан секцэд нь хамруулснаар тэдний хөгжих боломж нэмэгдсэн төдийгүй амжилт нь ч ахисан. Онцолж хэлбэл, волейболын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн дасгалжуулагч С.Пүрэв-Очирыг 2021, 2022 онуудад урьж сургууль дээрээ сургалт явуулсан. Сургуулийн 3-12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй нийт 100 хүүхдэд сургалт, хичээлийг үе шаттай явуулсан байна. Үүний үр дүнд, сургуулийн эрэгтэй баг Идэрчүүдийн 2022 оны аймгийн аваргын мөнгөн медаль авч, сурагч Б.Саманд шилдэг хамгаалагч, Б.Аюурзана шилдэг довтлогч болсон. Мөн Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид амжилттай оролцсон юм.  


Харин 2019 оноос тус сургууль Монгол улсын Гавьяат эдийн засагч, Академич Сүхрагчаагийн Нямзагдын нэрэмжит болжээ. Ингэснээр сумын Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуульд “Сургалтын хөтөлбөр”-ийн шинэчлэлийг боловсрол судлаач, доктор Б.Насанбаярын удирдлага дор хийгээд буй юм. Хөтөлбөрийн үр дүнд сургуулийн сургалтын чанар, багш ажилчдын харилцаа хандлага, сургалтын орчинд өөрчлөлт бий болж эхлээд байна.


Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагчдад бүтэн үгээр унших арга ашиглаж үг нүдлүүлэх замаар үсгүүдийг богино хугацаанд таниулж уншуулж, бичүүлж сургадаг болсон.


Түүнчлэн хөтөлбөрийн шинэчлэлтийн хүрээнд, гадаад хэлний хичээлийг ном уншуулах аргаар зохион байгуулахад бодит үр дүн бий болсон юм.

Тодруулбал, өгүүлбэрийн бүтцийг сайн ойлгодог. Тусад нь дүрэм зааж цаг хугацаа алдан, хүүхэд залхаадаггүй. Нэг үг олон давтагддаг тул үгээ сайн амархан нүдэлдэг. Номын үйл явдалд төвлөрч хүүхэд хичээлдээ сонирхолтой болдог. Тогтмол цээжээр бичүүлэх нь олон давуу талтай байна.

Сургуулийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр багш, суралцагчдад дараах үр дүн гарч байна. Багш бүр сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд хөтөлбөрт эзэмшүүлэх чадварыг зайгаар багцлан, сэдэв агуулгатай харгалзах матриц болон сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэх СТЕМ буюу сэдвийн жагсаалт, даалгаврын санг боловсруулж хэрэгжүүлж байгаа. Мөн хөтөлбөрийн босоо, хөндлөн залгамж холбоог ойлгосон байна.

Эерэг төлөвшлийн аргаас өөртөө болон суралцагчдадаа хэвшүүлж байна. Даалгаврын санг түвшинчилж, хувилбартай боловсруулж сурсан. Ингэснээр, сурагчид хичээлдээ идэвхтэй, бүтээлчээр оролцож, хамтарч ажиллах чадвар нь сайжирсан. Багш бүр судлаач болж байна гээд олон давуу талууд бий болоод байна.


Эдгээрээс онцолбол, сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэх СТЕМ сэдвийн хүрээнд нэгдүгээр улиралд “Жимсхэн” сэдвийг сонгож, өөрийн орон нутагт ургадаг таван төрлийн жимсийг бүх хичээлээр дамжуулан олон талаас нь судалсан. Ингэснээр хичээлийн залгамж холбоо, багш нарын хамтын үйл ажиллагаа сайжирсан. Харин сурагчид аливааг олон талаас нь харж нэгтгэн дүгнэх, бүтээлчээр үйлийг гүйцэтгэх. Жимсийг зөв боловсруулан хэрэглэх, эрүүл дадал хэвшлийг бий болгох. Түүгээр ч барахгүй байгалиа хайрлан хамгаалах, хамтарч ажиллах чадварт ахиц гарч суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн байна гэж Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулиас мэдээлэв.

Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 22 бүлэгт 500 гаруй хүүхэд суралцаж байна. Харин дотуур байранд малчдын 76 хүүхэд амьдардаг. 

Related news