ЗАВХАН: Монгол орны нийт цэвдгийн 11.4 хувь нь тус бүс нутагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-03 17:03:10

Улиастай /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын цэвдгийн өдөр тохиож байна. Завхан аймгийн нийт нутгийн 64.1 хувь нь цэвдэгтэй бүсэд оршдог байна.

Монгол орны нийт газар нутгийн 29.3 хувьд нь цэвдэг чулуулаг тархсан байдаг. Үүнд: Хангай, Хөвсгөл, Алтай, Хэнтийн уулархаг бүс, уулс хоорондын томоохон хотос, хөндийд элбэг тохиолдоно.

Дэлхийн 48 улс орны газар нутгийг ямар нэгэн хэмжээгээр цэвдэгт бүс нутаг эзлэн орших бөгөөд нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог.

Монгол орон цэвдгийн тархалтаараа Канад, ОХУ, АНУ, БНХАУ-ын дараа тавдугаарт ордог бөгөөд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт зонхилон тархсан байдаг.



Цэвдэг нь тодорхой хэмжээний газрын гүнд өөртөө янз бүрийн хэмжээтэй чийг, мөс агуулан оршдог тул газрын гүний болон гадаргын усны эх бүрэлдэн тогтох нөхцөлийг бүрдүүлдэг, биологийн олон янз байдалд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэгч экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг аж.

Монгол орны цэвдгийн тархалтын зургийг 2016 онд 1:1000 000 масштабтайгаар зохиосон байдаг. Уг зурагт үзүүлснээр үргэлжилсэн тархалттай бүслүүр Хангайн уулархаг бүс нутагт цэвдгийн тархалтын доод хил Хан Хөхийн нуруунд 1400-1900 метр, Хангайн баруун хэсэгт 1900-2000 метр, Хангайн өвөр хэсэгт 2000-2200 метр, Хангайн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсад 1400-1800 метрийн өндөрт тус тус байна. Харин Хэнтийн баруун хойд хэсэгт 800-900 метр, баруун хэсэгт 900-1300 метр, өвөр хэсэгт 1400-1600 метр, зүүн, зүүн хойд хэсэгт 1000-1200 метрийн өндөрт тус тус байна.

 

Завхан аймаг нь 82455.7 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, үүнээс 52888 хавтгай дөрвөлжин км талбай нь цэвдэгтэй, аймгийн нийт нутаг дэвсгэрийн 64.1 хувийг цэвдэг эзэлж байна. Харин Монгол орны нийт цэвдэгт бүсэд эзлэх хувь нь 11.4 хувь байна.

 

Манай орны хэмжээнд 8 сумын төв цэвдгийн үргэлжилсэн тархалттай, 18 сумын төв цэвдгийн тасалданги тархалттай, 28 сумын төв цэвдгийн алаг цоог тархалттай, 49 сумын төв цэвдгийн тохиолдлын тархалттай бүслүүрт оршдог бол бусад сумын төв улирлын хөлдөлттэй бүсэд оршиж байна.

Дээрх сумдын төвүүдийн цэвдгийн температур -0.4ос-оос -3.0ос-ийн хооронд хэлбэлзэх ба сумын төвүүдийн газарт дов сондуул, халиа, нохойн хонхор, хүйтний хагарал зэрэг хүйтний гаралтай үзэгдэл илэрч байна.

 


Завханы Отгон, Тэлмэн, Түдэвтэй сум үргэлжилсэн цэвдгийн тархалттай бүслүүрт оршдог. Харин таван аймгийн нийт 18 сумын төв тасалданги тархалттай бүсэд оршиж байна. Үүний нэг нь Завхан аймаг юм. Мөн Монгол Улсын ихэнх сум буюу 230 сумын төв улирлын хөлдөлтийн бүсэд оршдог. Харин Завханы Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг, Отгон, Түдэвтэй, Цэцэн-Уул, Яруу сумын төвүүд нь Цэвдэг судлалын салбарын 2008-2016 оны хоорондох мониторингийн хэмжилт, хээрийн судалгааны үр дүнгээс харахад цэвдэг дээр байрлаж байна.



Цэвдэг нь экосистемд дулаан, чийгийн горимыг тэнцвэржүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Цэвдэг нь эртний амьтан, ургамал, археологийн олдвор, булш бунхныг сайн хадгалдаг байгалийн маш сайн “хөргөгч” юм.

Харамсалтай нь, Монголын хойд нутгийн мөнх цэвдгийн мөс эрчимтэй хайлж эхэлснийг АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэд баталжээ. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдгүүд хайлснаар цаа буга тэргүүтэй тайгын амьтдыг мөхөлд хүргэх эрсдэлтэй аж.

Монголын мөнх цэвдэг хайлснаар дэлхийн дулаарал эрчимжиж ОХУ, БНХАУ-д нөлөөлнө. Мөнх цэвдэг нь байгалийн экосистемийн нэг хэсэг учраас гол мөрөн ширгэх, ой мод хатах, цөлжилт нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөтэй.

Үүнээс гадна тухайн улсын эдийн засагт ч асар их гарз учруулдаг. Мөнх цэвдэг хайлснаар эртний булш бунхан дахь нэхмэл эдпэл, арьс шир, модон хэрэгсэл зэрэг археологийн үнэт олдворууд ил гарч эхэлжээ. Ингэж удаан хугацааны турш мөс цасанд хадгалагдсан эртний олдвор нь маш богино хугацаанд задралд орж устаж үгүй болох аюултай юм. Энэ судалгааг АНУ-ын Колородагийн их сургуулийн археологич Виллиам Тэйлор бусад судлаачтай хамтран хийсэн байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин /2019-12-11 11:24/


Монгол орны цэвдгийн хил агшсаар байна

Монголчууд булаг шанд гэнэтхэн боргилон гарч ирэхийг ихэд бэлгэшээдэг бөгөөд байгаль дэлхий өнө удаан сайн сайхан байж хүмүүсийн аж амьдрал сайхан болохын шинж хэмээн үздэг. Өмнө жилүүдэд Дорноговь аймагт ийм тохиолдол олонтаа гарч байсан юм. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал энэ нь дэлхийн дулааралтай холбоотой бөгөөд газар доорх цэвдэг ихээхэн хэмжээгээр хайлж байгаагаас газрын хөрснөөс ус нэвчин гарч байгаа үзэгдэл гэж судлаачид тайлбарладаг.      


2016 оны судалгаагаар, Монгол орны нийт газар нутгийн 29.3 хувьд цэвдэг тасалданги болон алаг цоог хэлбэрээр тархсан. 1971 онтой харьцуулахад Монгол орны цэвдэгтэй талбай таван хувиар буурсан. Цэвдгийн өмнөд хил Хангайн нуруунд 94 км, Хэнтийн нуруунд 178 км тус тус хойшилсон. Монгол орны мөнх цэвдгийн дийлэнх нь 2060 он гэхэд хайлж дуусах төлөвтэй байна.



Цэвдэг нь усны нөөцтэй шууд холбогддог. Монгол орны усны нөөцийн 70 хувь нь бүрэлдэх газар цэвдгийн үргэлжилсэн тархалттай бүстэй яг таардаг. /Г.Даваагийн судалгаагаар/ Усны нөөц болсон, чийгийг хуримтлуулдаг ач холбогдолтой байгалийн хүчин зүйл бол ЦЭВДЭГ юм. Тиймээс усны өдрөөр усны тухай илүү ярьдаг шиг бас цэвдгийн тухай мэдээлэл ч чухал аж.



Харин, Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Я.Жамбалжавын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас:

-Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын 24-25 орчим хувьд цэвдэг тархсан байх ба туйл орчмын бүс нутаг болон өндөр уулсын бүс нутагт цэвдэг тархсан байдаг.

1968-1971 оны Орос, Монголын хамтарсан геокриологийн экспедицийн судалгааны ажлын үр дүнд Монгол орны газар нутгийн 63 хувьд тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдэгтэй гэж тогтоосон байдаг. Энэ хугацаанд гадна, дотны төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол орны цэвдгийг хянах 200 орчим цооногтой болсон байна. Мөн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн санхүүжилтээр 2016 онд цэвдгийн шинэ зураг гаргажээ.


Нэгдүгээрт, Монгол орон маань цэвдгийн өмнөд захад оршдог, хоёрдугаарт уур амьсгалын дулааралт Монгол орны газар нутагт эрчимтэй явагдаж байгаа зэрэг нь эмзэг экосистемтэй Монгол орны цэвдгийг алдралд хүчтэй оруулж байна.

Монгол орны хэмжээнд хойд бүс нутаг болон уулсын өндөрлөг хэсэгт цэвдгийн дулаарал ажиглагдаж байгаа бол нам дор хэсэг, өмнөд захаараа цэвдэггүй болох нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл 1960-1980 аад оны үеийн хэмжилтийн мэдээг өнөөдрийн хэмжилттэй харьцуулахад хойд болон өндөр уулын хэсэгт хасах хэм дотроо дулаарсан зүй тогтол ажиглагдаж байгаа бол нам дор газрууд болон өмнөд нутгаар гүехэн цэвдэг нь үгүй болсон байна.



Монгол орны газар нутгийн 29.3 хувьд цэвдэг нь тасалданги болон алаг цоог хэлбэртэйгээр тархсан гэсэн үр дүн гарсан. Харин 1970-аад оны үеийн судалгаагаар нийт газар нутгийн 63 хувь нь цэвдэг байсан юм байна.



Сүүлийн жилүүдэд инженерийн цэвдэг судлалын асуудал хурц болж байна. Хөдөө орон нутагт цэвдэг дээр барьсан барилга байгууламж нурах, зам гүүр эвдрэх зэрэг олон асуудал гарч ирээд байгаа.

Гэтэл манай дэлхийн хамгийн их цэвдэгтэй бүс нутаг болох Сибирийн цэвдэгт тайгаас оросууд ямар их мод бэлтгэж манай нутгаар дамжуулан урд хөрш рүү зөөж байна, мөн их хэмжээний түймэр болж утаа нь бидэнд хүртэл мэдрэгдэж байгаа.

Энэ нь тухайн бүс нутгийн цэвдгийг маш ихээр гэсгээж байна, тэр хэмжээгээр хүлэмжийн хий агаар мандалд цацагдаж байна гэдгийг ойлгохгүй байгаа.

Германы эрдэмтэн судлаач нарын судалгааны ажлын үр дүнээс харахад Сөгнөгөрийн голын эхэнд 2007 онд гарсан түймрийн улмаас тухайн газрын цэвдэг дээрээсээ хоёр гаруй метр гэссэн байсан.

Цэвдгийн гол онцлог нь хөрсний дулаан-чийгний горимыг тэнцвэржүүлэх замаар түүн дээрх ургамал ургах ая тухтай орчныг бүрдүүлдэг.


Монгол орны цэвдгийн өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг гаргахад: Монгол орны газар нутгийн 29.3 хувь тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдгийн тархалттай бол 2046-2065 оны үед энэ тоо 10.9 хувь болохоор тооцоологдсон болно. Монгол орны мөнх цэвдгийн 66 хувь нь 2060 он гэхэд хайлж, дуусах төлөвтэй байгаа гэсэн үг.


Тиймээс цэвдэгт бүс нутгийн газрын гадаргын нөхцлийг өөрчлөхгүй байх тал дээр их анхаарч ажиллах хэрэгтэй юм. Нөгөө талаас цэвдэгт бүс нутгийн зам, барилгын буурь, суурийг хөргөх замаар тэдгээрийн доорх цэвдгийг гэсэхээс хамгаалах янз бүрийн технологийн шийдлүүдийг ашиглах нь зүйтэй гэжээ.

Өнөөдөр цэвдэгтэй ихэнх сумын төвүүдийн инженерийн хийц бүхий барилга байгууламжид ямар нэгэн хэмжээгээр цэвдгийн сөрөг нөлөө илэрч, заримыг нь ашиглах боломжгүй болж байна.

Иймээс инженер-геологийн суурь судалгааг сайтар хийж, ерөнхий төлөвлөгөө, барилга эзэмших газар, барилгын зураг, түүний зохиогч, дүгнэлт, зөвшөөрөл гаргаж буй инженер геологич, архитектор, экспертүүд болон орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд зэрэг түвшний хүмүүсийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж, тэднийг сургаж чадавхжуулах шаардлагатай байгааг судлаачид анхааруулж, зөвлөж байгаа юм.

Хавар түрүүлж ногоо иддэг, намар сүүлдэж шарладаг газар бол өлөн буюу довтой хэсэг юм. Тэгвэл тэр газрын дор битүү мөс буюу цэвдэг байгаа аж. Сүүлийн жилүүдэд довтой газар харлаад байдаг болсон. Энэ нь дэлхийн дулаарлыг илэрхийлэх бөгөөд цэвдэг үгүй болж байна гэсэн үг. Тиймээс цэвдгийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх нь чухал юм гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Цэвдэгтэй газар нутагт барилга байгууламж, инженерийн байгууламжууд барихдаа хоёр үндсэн зарчим мөрддөг

Нэгдүгээр зарчим нь тухайн газарт буй цэвдэг хөрсийг хэвээр хадгалах буюу бат бэх байдлыг алдагдуулахгүй байх. Энэхүү зарчмыг мөрдөхдөө цэвдгийг хөлдүү хэвээр хадгалж, түүний дулааны горимыг тогтвортой барьж байхын тулд барилгын суурин доор агаарын чөлөөтэй урсгал явагдаж байхаар тооцон барих шаардлагатай гэж үздэг байна.  (Чойбалсан, 1989; А.Дашцэрэн нар, 2019).

 


Монгол орны цэвдэгтэй сум, аймгийн төвүүдэд зарим барилга байгууламжууд салхилуулах хөндийтэй болон гадсан суурьтай барьсан байдаг. Гэтэл уг барилгууд уур амьсгалын дулаарал, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр цэвдгийн гэсэлт эрчимтэй явагдаж барилга байгууламжид гажилт өгч, ашиглалтын хугацаа богиносох, суурийн бат бөх чанар муудах, хана туурганд ан цав үүсэн актлагдлаг.


 

Тиймээс барилга байгууламжийн суурьт цэвдгээс үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд АНУ, ОХУ, Канад гэх мэт цэвдэгтэй улс орнуудын ашиглаж байгаа идэвхгүй арга технологийг манай орны нөхцөлд ашиглах бүрэн боломжтой аж.

 

Монгол орны нөхцөлд туршсан термосифон хоолойн туршилтын зарим үр дүнгээс дурдбал,

Цэвдэгтэй бүсэд барьсан барилга байгууламжид үзүүлэх цэвдгийн сөрөг нөлөөг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд 2006 оноос хойш туршилт судалгааны ажлыг Цэвдэг судлалын салбарын судлаачид эхлүүлсэн байдаг. Жишээлбэл, Завхан аймгийн арван жилийн сургуулийн барилгын суурьд гажилт үүсэж, хагарал өгсөн учир тухайн барилгын доорх цэвдгийн тархалт, төлөв байдлыг 2018 онд Цэвдэг судлалын салбарын доктор Я.Жамбалжав болон салбарын судлаач нар геофизикийн цахилгаан хайгуулын багажаар хэмжсэн үр дүнг харуулав.

 

Энэхүү судалгааны үр дүнгээр сургуулийн барилгын суурийн доор тогоо хэлбэрийн гэсэлт гадаргаас доош 20 м хүртэлх гүн хүртэл үүссэн болохыг тогтоосон. Уг сургуулийн барилгыг нэгдүгээр зарчмын дагуу цэвдгийг гэсгээхгүй дулаан балансын тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдүүлэн хөндий суурьтай барьсан хэдий ч уг байгууламж нь цэвдгийн гэсэлтээс үүдэж суулт, гажилт, хагарал ихээр үүссэн байдаг.


 

Иймд барилга байгууламжийг цэвдэгтэй газар төлөвлөн барихад нэгдүгээр зарчмыг орчин үеийн дэвшилтэт аргатай хослуулан ашиглах нь хамгийн үр дүнтэй бөгөөд цэвдгийн тархалттай өндөр хөгжилтэй улс орнууд инженерийн оновчтой шийдлүүдээс хамгийн тохиромжтой аргын нэг болох термосифон хоолойг ашигладаг.

Эх сурвалж: Barilga.mn 

Related news