ДАРХАН-УУЛ: “Буур хээрийн тулалдаан” нь анхны томоохон ялалтын нэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан хотын музейд
эх хувиараа хадгалагдаж буй уран зургийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ
удаад түүхэн үйл явдлыг уран зургаар илэрхийлж хойч үедээ
үлдээсэн “Буур хээрийн тулалдаан” зургийг онцолж байна.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Д.Хаянхярваагийн уран бүтээлийн нэг “Буур хээрийн тулалдаан”-ыг 1993 онд зуржээ. Түүний урын сан дахь 300 гаруй бүтээл нь тосон, усан будаг, гуашаар бүтээсэн уран зураг, зурагт хуудас, хот чимэглэлийн эх загварууд, судалбар гээд олон төрөл зүйл, өргөн сэдэв агуулгыг хамардаг ажээ.
“Буур хээрийн тулалдаан” монгол зураг, холст, холимог техник бөгөөд 130х371 хэмжээтэй аж. Уг бүтээлийн дүрслэл хийгээд агуулгын тухайд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Буур хээрт болсон түүхэн үйл явдлын тухай аж.
1179 онд Тэмүүжин багын анд Жамух, Хэрэйдийн Тоорил ван нартай гурвалсан холбоо байгуулж, Мэргэдийг бут цохиж, тэдэнд булаалгасан Бөртэ хатнаа буцаан авсан түүхтэй. Эрдэмтэд Буур хээрийн тулалдааныг Чингис хааны хамгийн анхны томоохон ялалт буюу Дэлхийн хаан болох амжилтынх нь босго байсан хэмээдэг.
Зургийн гол хэсэгт дайснаа дарж, ялалтаа байгуулсан цагаан морьтой Тэмүүжинг тулалдаж буй морьтой цэргүүд, амь үрэгдсэн хүмүүс, тэрэгний шатаж байгаа дугуй зэргээр тодотгож дүрсэлсэн бол түүний хоёр талаар орд өргөөнд болж буй үйл явдлуудыг дүрслэн үзүүлжээ. Баруун хэсэгт тэрбээр том хүү Зүчийг тэврэн зогсоход Бөртэ хатан албатуудын хамт хүндэтгэл үзүүлнэ. Харин зохиомжийн зүүн талд Тэмүүжин хаан ширээнд өргөмжлөгдсөн, ёслол төгөлдөр байдлыг харуулжээ. Монгол зургийн тэг зохиомжийн аргаар бүтээсэн уг зураг чимэглэлийн өнгө аястай, зурагт хуудасны хэллэгээрээ өвөрмөц аж.
Зураач Д.Хаянхярваа нь 1978 онд Монголын Урчуудын эвлэлийн гишүүнээр элсэж 1975 оноос Дорнод, 1987-1994 онууд Дархан хотын Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад 1994 оноос чөлөөт уран бүтээлч болжээ. Дархан хотын салбарын эрхлэгчээр ажиллах найман жилийн хугацаанд байгууллагынхаа гадаад харилцаанд ихээхэн анхаарч, Улаан-Үд хотын зураачдын холбоотой нягт уялдаа холбоотой хамтран ажилладаг байжээ. Түүнчлэн Монголын дүрслэх урлагийг сурталчлах ажлыг олонтаа зохион байгуулж байжээ.
Тодруулбал, 1983 онд
Краснодар хотод болсон Социалист орнуудын зураачдын “Земля и люди” симпиозиумд оролцсон,
гадаад зураачидтай хамтран Москва хотод үзэсгэлэн, ӨМӨЗО-ны Хөх хот, Бугат
хотод Дархан хотын зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн толилуулсан зэргийг
нэрлэж болно.