ЗАВХАН: Сонсгол бол нийгмийн харилцаанд орох хамгийн чухал эрхтэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-06 17:04:34

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймагт сонсголын бэрхшээл нь албан ёсоор тогтоогдсон буюу хөдөлмөрийн чадвар алдалттай 328 хүн бүртгэлтэй байдаг бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн тасгаар өдөрт 35-40 хүн тогтмол үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авдаг байна. Сонсгол хамгаалах дэлхийн өдрийг тус тасаг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлж, иргэдэд мэдээлэл өгөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг харгалзалгүй үзүүлжээ. Энэ талаарх мэдээллийг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй их эмч Х.Мишигбаатараас тодруулав.


-Чих сонсголын тусламжийг хүн бүрт хүргэхийн ач холбогдол нь юу вэ?

-Хүний хүрээлэн буй хорвоо ертөнцийг танин мэдэх арга зам нь харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэхүй гэсэн үндсэн таван мэдрэхүй дээр тулгуурладаг.  Чих нь сонсох мэдрэхүйн дамжуулагч бөгөөд ерөнхий бүтцээрээ гадна, дунд, дотор гэж гурав хуваагдана. Сонсох мэдрэхүй нь хүний хэл яриатай холбоотой бөгөөд өдөр тутам бусадтайгаа харилцаа холбоо тогтоох, аюулыг анхааруулах, нийгмийн харилцаанд оролцох боломжийг олгодог амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь нь болдог.

Тиймээс хамгийн чухал эрхтэн юм. Тэгвэл энэ чухал эрхтний дүлийрэлт, сонсгол бууралт гэдэг нь нэг ба хоер чихний сонсох үйл ажиллагаа бүрэн үгүй болох, доголдохыг хэлдэг ба энэ нь хүний эрүүл амьдрах, үзэл бодлоо илэрхийлэх улмаар нийгмийн харилцаанд хэвийн оролцох боломжийг хязгаарлаж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг.

Өнөөдөр дэлхий дээр 1.6 тэрбум хүн сонсголын ямар нэгэн бэрхшээлтэй байдгаас 466 сая орчим нь таг дүлий гэж оношлогдсон. Тэдгээрийн 34 сая нь хүүхдүүд байна. ДЭМБ-аас эдгээр хүүхдүүдийн 60 хувийг нь сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг.

Харин манай улсын нийслэл, Улаанбаатар хотод 2010 оны байдлаар эмнэлэгт хандан сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдон, тусламж үйлчилгээ авсан хүүхдийн тоо 5431 байсан бол 2014 онд 7302 болж өссөн байна. Энэ тоо жил бүр их бага хэмжээгээр өсжээ.

Тиймээс сонсгол буурах эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, зохих арга хэмжээг авснаар хүүхдийн хэл ярианы хөгжил саатах. Суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх, нийгмээс гадуурхагдах зэрэг сөрөг үр дагавар үгүй болох юм. 

Сонсгол бууралт, түүний учир шалтгаан, хор хохирлыг олон нийтэд сурталчлан таниулж, зөв дадал хэвшил төлөвшүүлэн, урьдчилан сэргийлж эрт оношлон эмчлэх нь дүлийрэлтийг 50 хувь хүртэл бууруулах. Цаашлаад сонсгол бууралтыг эрс багасган өрх гэр, нийгэм эдийн засгийн ач холбогдол ихтэй юм. Тийм учраас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо болон иргэдийг мэдээлэлжүүлэх нь хамгийн чухал юм.

-Жил бүр сонсгол хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Танай тасгийн хувьд иргэн бүрд мэдээлэл хүргэхийг зорьдог гэж хэлсэн?

-Тийм ээ. Сонсголоо хамгаалах дэлхий нийтийн өдрийг Монгол Улс 2006 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Мэдээж ач холбогдол нь дээр хэлсэнчлэн олон талын ач холбогдолтой. Ер нь сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой. Хүүхдийн сонсгол муудалтын 60 хувь сэргийлж болох шалтгаанаар үүсдэг.

Өнөөдөр техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ, санамсаргүй осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ гээд маш олон хүчин зүйлээс сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж байна. Тиймээс эдгээр олон учир шалтгаан, хор хохирлыг олон нийтэд сурталчлан таниулж, зөв дадал хэвшил төлөвшүүлэхийг өдөр бүр заах нь чухал байна.

Түүнчлэн урьдчилан сэргийлж эрт оношлон эмчлэх нь дүлийрэлтийг 50 хувь хүртэл бууруулах, цаашлаад сонсгол бууралтыг эрс багасгана. Энэ жилийн сонсгол хамгаалах дэлхийн өдрийг “Чих сонсголын тусламжийг хүн бүрд хүргэе. Бодитоор хэрэгжүүлцгээе” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Манай тасаг энэ өдөр 80 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч 60 гаруй иргэнд үзлэг, оношилгоо хийсэн байна.


-Завхан аймагт энэ төрлийн өвчнөөр өвчлөгсөд улсын дундажтай харьцуулахад хэдэн хувьтай байдаг вэ?

-1960 оны мэдээгээр дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь хот газар амьдарч байсан бол 2018 онд 50 хувь болж өссөн байна. Үүнтэй холбоотойгоор бага буурай оронд тохиолддог дунд чихний архаг үрэвслээр үүсдэг өвчнүүд, дотор чихний дуу шуугианаас үүдсэн сонсгол алдагдал ихэссэн байна. Завхан аймагт сонсголын бэрхшээл нь албан ёсоор тогтоогдсон буюу хөдөлмөрийн чадвар алдалттай 328 хүн бүртгэлтэй байдаг. Одоогоор хүүхдийн сонсголын бэрхшээлийн талаарх нарийн судалгаа хийгдээгүй. 


Аймгийн нэгдсэн эмнэлгийн Чих, хамар хоолойн тасгаар өдөртөө 30-40 иргэн үйлчлүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд чих, хамар, хоолойн өвчлөл эрс нэмэгдэх хандлагатай байна. Өдөрт үйлчлүүлж буй иргэдийн 30 орчим хувийг нь хүүхдүүд эзэлж байна. Учир нь орчин үеийн техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ мөн осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэрэг олон шалтгааны улмаас сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж залуужиж байна.

Харин Монгол Улсад 2020 оны статистик мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8585 хүн байдаг. Үүний 20 орчим хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд сонсголын бэрхшээлийн эмгэг их бүртгэгдэж байна.

-Иргэдэд сонсголоо хамгаалах ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өнөөгийн нийгмийн хурдацтай хөгжлийн улмаас биднийг хүрээлэн буй орчин өдрөөс өдөрт их дуу чимээтэй болон өөрчлөгдсөөр байна. Тухайлбал хот, суурин газрын төв зам дагасан суурьшлын бүсийн дуу чимээ 65-70 dB буюу хүний чихэнд өндөр ачаалал өгөх ба энэ нь удаан хугацааны туршид сонсголын алдагдалд хүргэх гол шалтгаануудын нэг болдог. Мөн хүүхэд, залуус энэ их чимээ шуугианы хажуугаар чихэвчний хөгжмийг удаан хугацаагаар сонсох болсон нь сонсгол муудах, дүлийрэх шалтгаан болж байна.

Түүнчлэн автомашинуудын дуу чимээ, дуут дохио, бар, цэнгээний газар, үйлдвэрийн газрын дуу чимээ гээд хүний сонсголд хүчтэй нөлөө үзүүлдэг олон хүчин зүйл нийгэмд байгаа юм. Манай улсад хоёр хүн тутмын нэг нь шуугианы улмаас сонсгол алдагдах эрсдэлтэй байдаг. Тиймээс иргэн та, сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэхийн тулд сонсгол бууралтын үед илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээ, сонсгол бууралтад хүргэдэг шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам зэрэг мэдээллийг заавал авч, амьдралдаа зөв дадал хэвшүүлэх нь үнэлж баршгүй эерэг нөлөөтэй юм.


Тодруулж хэлбэл, сонсгол буурах үед орчны дуу чимээнээс тусгаарлагдсан мэт санагдах. Шуугиантай орчинд сонсохын тулд илүү их анхаарал шаардах. Бусдын хэлсэн юмыг дахин давтаж сонсохыг хүсэх нь олон тохиолдох. Өвдөлт болон даралт нэг эсвэл хоёр чихэнд мэдрэгдэх. Толгой эргэх эсвэл огиудас хүрэх, чих дүнгэнэж шуугих.

Телевиз, радионы дууг хэт чангалж сонсдог болох. Хүмүүсийн ярьж буйг ойлгохоо болих, хүмүүсийн яриа амандаа бувтнаад байгаа мэт санагдах, ойлгохгүй байгаагаасаа болж уурлаж бухимдах. Шинэ хүмүүстэй уулзахдаа ярьж буйг нь муу сонсох учир санаа зовдог болох. Эдгээр шинж тэмгүүдээс хоёр шинж тэмдэг нь илэрч байгаа бол та даруй сонсголын мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөж байна.

Тиймээс сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэхийн тулд та хамгийн түрүүн сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулж байх хэрэгтэй. Мөн чих, хамар, хоолойн өвчлөл, осол гэмтлээс сэргийлэх. Чих, хамар, хоолой өвдсөн тохиолдолд бүрэн эмчлүүлэх. Эмийг эмчийн заавраар хэрэглэх. Жирэмсний хяналтад эрт орж тогтмол үзүүлэх.

0-6 сартай хүүхэд тань чимээ гарсан зүг эргэн харах, дуудахад харах зэрэг хариу үйлдэл гаргахгүй бол эмчид цаг алдалгүй хандаж үзүүлэх. Дархлаажуулалтад бүрэн хамрагдах, дархлаагаа сайжруулах. Хүүхдэд хэт өндөр давтамжтай дуу чимээг удаан хугацаагаар сонсгохгүй байх. Хүүхдийн тоглоомын дууг намсгах, эсвэл зайг нь авах.

Ажлын байранд дуу чимээ намсгагч хэрэглэх, чихэвчийг зөв хэрэглэх. Хэт өндөр дуу чимээтэй газар чихний бөглөө хэрэглэх. Ялангуяа -85 децибелээс илүү чанга дуу чимээ аюул учруулдаг бөгөөд чихний бөглөө 5-45 децибилээр дуу чимээг бууруулдаг юм. Ухаалаг утасны аппликейшн ашиглан орчны чимээ шуугианы түвшнийг тогтмол хэмжиж, чимээ шуугиан үүсгэгчээс аль болох холдохыг зөвлөж байна.


ДЭМБ-аас 60/60-ын харьцаа гэх зөвлөмжийг гаргасан байдаг. Энэ зөвлөмжийн дагуу тухайн хэрэглэж буй гар утас, телевиз, радио төхөөрөмжийнхөө дууны чанга, сулын хэмжээг 60 гэсэн тооноос хэтрүүлэхгүйгээр сонсох хэрэгтэй. Түүнчлэн өдөрт нэг цаг сонсож байвал сонсголоо гэмтээхгүй байх боломжтой юм.


Өдөрт дор хаяж 10 минут орчим чимээгүй нам гүм газар суух. Долоо хоногтоо ядаж нэг удаа хөдөө задгай талбайд гарах, голын чимээ сонсох, далайн давалгаа чагнах. Өдөрт доод тал нь 8 цаг унтаж амрах, мөн сэрүүлэгний дууг султгах, хэт чанга тохируулахгүй байх. Усанд орж байх үедээ чихээ зөв угаах, хэт гүнзгий ухахгүй, мөн бассейн усан спортоор хичээллэдэг бол заавал зориулалтын малгай өмсөх. Өвлийн улиралд хэзээ ч толгой нүцгэн явахгүй байх. Байнга стресстэхгүй байхыг зөвлөж байна.

Ялангуяа чих тань ямар нэгэн байдлаар өвчилсөн бол, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг анхааруулж байна. Ам дамжсан буруу арга хэрэглэхгүй байхыг л зөвлөе.

-Танд баярлалаа.

 

Related news