ЗАВХАН: Зэрлэг амьтдыг судлахад автомат камер чухал байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-14 14:36:59

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор 14 сумын нутагт биотехникийн арга хэмжээг явуулжээ.

Тухайлбал, 2022 онд Эрдэнэхайрхан, Тосонцэнгэл, Тэлмэн, Дөрвөлжин, Отгон, Шилүүстэй, Түдэвтэй, Алдархаан, Идэр, Их-Уул сумын 8 цэгт биотехникийн арга хэмжээг жилд хоёр удаа явуулжээ. Аймгийн хэмжээнд нийт 14 суманд 86 уут хужир, 203 боодол өвс тавьж зэрлэг амьтдад идэш тэжээл тавьж өгчээ.

Харин он гарсаар нийт долоон сумын ЗДТГ-аас байгаль хамгаалагчид иргэдтэй хамтран нийт 205 боодол өвс, 35 хужирыг тодорхой цэгүүдэд тавьж биотехникийн арга хэмжээг явуулжээ. Хаваржилт хүндэрсэн үед мөн зарим газар амьтдад өвс, усыг тавьж өгөх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа талаар аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

 

Завханы хойд бүсийн сумдад хүрэн баавгай тодорхой давтамжтай суурьшиж байна.


Хүрэн баавгай нь байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан 10-11 дүгээр сар, 5-6 дугаар сар буюу таван сар хүртэл ичдэг. 2021 онд манай аймгийн хойд бүсийн сумдаар хүрэн баавгай орж ирсэн нь тухайн бүс нутагт ичсэн байх боломжтой тул нутгийн иргэдийг зэрлэг амьтнаас хамгаалах зорилгоор зөвлөмж өгөөд байна. Ингэхдээ хойд бүсийн сумдын олон нийтийн сүлжээг ашиглан баавгай, бусад махчин амьтнаас хэрхэн хамгаалах, хээрийн нөхцөлд хүрэн баавгайтай таарсан үед авах арга хэмжээ болон баавгайн зан төлөвийн түвшин зэргийн танин мэдэхүйн зөвлөгөө мэдээллийг байнга өгч байна.

Зэрлэг амьтны мониторинг судалгаанд зориулан зургаан ширхэг автомат камерыг “Отгон бор хавцал” ТББ-тай гэрээ байгуулан, суурилуулаад байгаа.

Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлүүлэн Алдархаан, Эрдэнэхайрхан сумын нутгаар нэн ховор, ховор цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямааны төллөлт зэргийг камераар судалж байна.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нэн ховор цоохор ирвэсийн хоёр бүл, аргаль хонь, янгир ямааны болон бусад зэрлэг амьтдын 2500 гаруй гэрэл зураг камерт бичигдэж, судалгаанд ашиглаж байна. Ер нь хүнд барагтай бол харагддаггүй нууцлаг зэрлэг амьтдыг судлахад автомат камер их чухал байдаг.

Дээрх камерууд нь хөдөлгөөний өндөр мэдрэгчтэй хэдий ч зарим гэрэл зургууд чанарын шаардлага хангахааргүй байна. Түүнчлэн зэрлэг амьтдын үр төлтэйгөө хамт болон гэр бүлээрээ байгаа гэрэл зургуудаас гадна ижил сүргээсээ тасарч буй байдал, зан төлөвийг ч дээрх гэрэл зургуудаас харж судалж болохоор байгаа нь сонирхолтой юм.


Тухайлбал, газрын байрлал, ирвэсний гүйдлээс шалтгаалан нэг газарт камерыг хосоор нь байршуулах нь үр дүнтэй байдаг. Автомат камер тавьсны хамгийн гол зорилго нь өндөр уулын “хаан” ирвэсийн зургийг авч судлах юм гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.  


Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших “Улаагчны Хар нуурт сүүлийн жилүүдэд хар галуу буюу “Тураг гогой” шувуу олноороо ирж зусаж байгаа. “Энэ шувуу нуурын загасыг үй олноор нь идэж, дуусгах аюулд өртлөө. Эдгээр шувууг устгах шаардлагатай” гэсэн нийгмийн цахим сүлжээнд жил бүр маргааныг дагуулдаг.


Тэгвэл БОАЖЯ-ны албан тоот буюу Тураг гогоо шувууны тархалт нөөц тогтоох чиглэлийн дагуу өнгөрсөн оны наймдугаар сард тооллого судалгааны ажлыг аймгийн БОАЖГ-аас зохион байгуулжээ.

Судалгаагаар Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурт 3500-4500 толгой, Завхан гол дагуу 150-180 толгой, Алдархаан сумын Цагаан нуурт 60-80 толгой шувуу зусаж байна. Мөн Сантмаргац сумын Баян нуурт 800-900 орчим буюу нийт 5000-6000 мянга орчим толгой тураг гогой тоологдсон байна. Тухайн шувуу нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор нүүдэллэн ирж байгаа бөгөөд цаашид тоо толгой нь жил бүр нэмэгдэх төлөвтэй байгааг судалгаагаар тогтоожээ.

Нийгмийн цахим сүлжээнд тураг гогой буюу хар галууг тойрсон олон маргаантай асуудал жил бүр гардаг. Иргэд гол, нууруудын загас багасаж байгаа нь хар галууны тоо толгой ихэссэнтэй холбоотой тул устгах шаардлагатай. Мөн зарим нэг нь хар галууг устгахыг оролдсон тохиолдлууд ч байна. 

Ер нь бол судалгаа шинжилгээгүйгээр хар галуу /тураг гогой/ шувууг шууд устгах талаар ярьж болохгүй юм. Юуны өмнө усны шувуу нь дан ганц загасаар хооллохгүй. Усны шавж, хөвөгч амьтан, ургамлаар хооллоно. Мэдээж шувуу нь өөрийн идэх хэмжээ хязгаартай тэрнээс биш цахим орчинд бичиж буй шиг байнга загасыг үй олноор нь иддэг амьтан биш юм. Загас ч өөрөө байгаль дээрээ тийм амархан баригдаад байхгүй.

Тиймээс зөвхөн тураг гогойноос болж загасны тоо толгой буурч байгаа гэдэг нь үнэнд нийцэхгүй. Бид биологийн төрөл зүйлийг судалгаа шинжилгээгүйгээр устгах, тоо толгойг цөөрүүлэх арга хэмжээг авч болохгүй. 

Амьтны тоо толгойг хэдий хэмжээнд байх ёстой гэдгийг энгийн иргэд бид шийддэггүй. Энэ нь өөрөө байгалийн жам ёсоор зохицуулагддаг зүйл юм. Байгаль экологийн тэнцвэр гэж байна. Экологийн тэнцвэр гэдэг нь экосистемийг бусад зүйл, тэдгээрийн хүрээлэн буй орчинтой зэрэгцэн оршдог тогтвортой байдлын төлөв байдалд хэрхэн зохион байгуулдаг болохыг тодорхойлсон ойлголт юм. 

Бүх амьд организмд шаардлагатай хоол хүнс, түүний тогтвортой байдал нь экологийн тэнцвэрт байдал байгааг харуулж байна гэж аймгийн БОАЖГ-аас нэмж дуулгав.

Related news