ӨВӨРХАНГАЙ: 450 хурганд туршилтаар тэжээл өгч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-03 12:42:47

Арвайхээр /МОНЦАМЭ/. “Баялаг фийд” ХХК-иас МҮОНТ-тэй хамтран “Хурганы тэжээл” төслийг гурван суманд туршилтаар хэрэгжүүлж эхэллээ.

Монгол оронд бог малаа 3-4 жил тэжээж байж амьдын жинг 45 кг-д хүргэдэг. Өөрөөр хэлвэл, байгалийн эрс тэс уур амьсгалтай хаврын улиралд мал төллөж, нялх төл жингийн алдагдалд байсаар гурван жилийн турш байгалийн олон эрсдэлийг давж байж ашиг шимээ өгдөг.


Тэгвэл “Баялаг фийд” ХХК-ийн үйлдвэрлэсэн тэжээл нь амин дэм, уураг, эрдсээр баялаг бөгөөд нялх хурганд зөвхөн эхний хоёр сар өгснөөр намар гэхэд 40-45 кг жинд хүргэх сайн талтай аж. “Бог мал өвөл, хаврын улиралд өвсийг үндсээр нь ухаж иддэг нь бэлчээр сүйтгэх гол шалтгаан болж байна. Малчид үржлийн бус хонийг уламжлалт аргаар олон жил маллаж, бэлчээртээ төдийгүй өрх гэрт эдийн засгийн дарамт учруулдаг. Харин дээрх тэжээлийг хэрэглэсэн хургануудаа жилийн дотор эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой учраас малчин өрхийн бодит орлого богино хугацаанд өснө” гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа.



Мөн гадны улс орнууд бага настай малын махыг хүнсэндээ хэрэглэхийг илүүд үздэг учраас Монгол Улсаас хурганы мах эксортлоход илүү анхаарал тавьж байгаа юм. Өвөрхангай аймаг уг тэжээлийг туршихаар Баян-Өндөр, Гучин-Ус, Хужирт сум тус бүрээс нэг өрхийг сонгон авч, нийт 450 хурганд 5.4 тонн тэжээлийг нийлүүлж байна. Тэжээлд химийн болон бусад хориглосон нэмэлт бодис ороогүй гэнэ. 

Related news