ЗАВХАН: Зүй бусаар үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-06 15:40:38

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ойролцоох малын сэг зэмийг цэвэрлэж ариутгажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 4, 5 дугаар албан даалгавруудын хүрээнд, байгалийн цогцолборт болон тусгай хамгаалалттай газар нутагт үхсэн малын сэг зэмийг ачиж зайлуулах, ариутгах ажлыг хийж байна.


Тухайлбал, Эрдэнэхайрхан сумын Мухартын голын хамгаалалтын бүсэд үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, устгах ажлыг 31 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж, ачиж ариутгасан. Энэ цэвэрлэгээгээр голын татам болон хамгаалалтын бүсэд үхсэн 101 үхэр, 13 бугын сэг зэмийг цэвэрлэж хамгаалалтын бүсээс гарган дарж булшлан устгасан.



Эдгээр мал, амьтад нь байгалийн эрсдэлт хүчин зүйл буюу зудын эрсдэлээс болж идэш тэжээлгүйн улмаас үхсэн мал, зэрлэг амьтад юм гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.


Ташрамд, Улиастай сумын суурьшлийн бүсэд үхсэн 761 малын сэг зэмийг ачиж, цэвэрлэн ариутгажээ. Малчид, мал бүхий иргэд үхсэн малын сэгийг гуу жалганд хаях явдал их байна. Цаг агаар дулаарч байгаатай холбоотой хур бороо орсон үед урсаж, гол ус, бэлчээр бохирдуулах. Халдварт өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлэх тул сэг зэм, ахуйн хог хаягдлаа хогийн нэгдсэн цэгт хүргэхийг малчдад анхааруулж байна гэж аймгийн Хот тохижилт үйлчилгээний газраас анхааруулав. 

Related news