ДАРХАН-УУЛ: Эмнэлгийн бус орчинд төрөх тохиолдол сүүлийн гурван жилд 25 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-04 08:31:28

Дархан /МОНЦАМЭ/. Төрөхийн өмнөх бэлтгэлээ бүрэн хангаагүй, төрөлтийн үйл явц, өвдөлтийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй эмнэлгийн бус орчинд амаржих тохиолдол аймгийн хэмжээнд байдаг аж.

Тодруулбал, төрөх хугацаагаа мэдэхгүй, төрөхийн өмнөх өвдөлтийн давтамж, дуншилт зэргийг мэдрэхгүй байх, өвдөлт өгсөн ч хэнэггүй байдал зэргээс шалтгаалан гэртээ болон эмнэлэг явах замдаа автомашинд төрөх тохиолдол сүүлийн гурван жилд 25 бүртгэгджээ.

Аймгийн хэмжээнд 2020 онд 9 эх, 2021 онд 8 эх, 2022 онд 8 эх эмнэлгийн бус орчин буюу гэр төрөлтөд бүртгэгджээ. Жирэмсний 38 дахь долоо хоногоос хойш төрөх хугацаа ойртдог тул хувийн бэлтгэлээ базаах, харьяа эмнэлгийн эмчтэйгээ тогтмол холбогдож мэдээлэл авах, эмчид үзүүлэх цаг хугацаандаа үзүүлэх нэн шаардлагатай аж. Өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан эмнэлгийн бус орчинд төрөх нь олон сөрөг үр дагавартай гэж мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Тухайлбал зарим жирэмсэн эх эрүүл мэндийн боловсрол муу, ямар үед төрөх үйл ажиллагаа эхлэх, төрөхийн өмнөх өвдөлт ямар давтамжтай байгааг, төрөх үед юу бэлдэх эсэхээ мэдэхгүй гэрээс гарсан даруйд эмийн сан бусад газраар явж бэлтгэх зэргээс шалтгаалан хугацаа алддаг ажээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар төрөх үйл ажиллагаа эхэлсэн жирэмсэн эхчүүд харьяалал харгалзахгүйгээр тусламж авах боломжтой болжээ. Гэхдээ бусад аймгаас ирж буй жирэмсэн эх солилцох хуудас, жирэмсний хяналтын карт, эх, хүүхдийн ягаан дэвтэр заавал авчрах ёстой аж. Түүнчлэн хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай бөгөөд дэвсдэг болон өмсдөг памперс, нойтон салфетик, ариун цэврийн хэрэглэл, зэргийг урьдаас бэлтгэх ажээ.

Ташрамд, 2019 онд Шарын гол-Дархан чиглэлийн галт тэрэгт зорчиж явсан жирэмсэн эх төрж галт тэрэгний үйлчлэгч эх барьж авсныг бид мэдээлж байсан билээ.


Related news