ДАРХАН-УУЛ: "Кинонд ээлтэй Дархан" хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-04 09:54:39

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөлийн ажлын алба лхагва гарагт ажиллалаа. Учир нь Дархан хотод кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг бий болгох, дотоодын болон гадаадын кино бүтээгчдэд кино зураг авалт хийх таатай орчин болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудтай ажлын албаны төлөөлөл уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.


Уулзалтад Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Монгол кино дэмжих газрын дарга Б.Болдбаатар, Соёлын яамны Кино, дуу, дүрсний урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч Г.Ичинхорлоо нар оролцлоо.


Уулзалтын эхэнд “Кинонд ээлтэй Дархан” болох зорилтын хүрээнд Олон улсын кино уран бүтээлчдийг Дархан хот руу илгээхэд аймгийн давуу тал, боломжит нөхцөлүүдийн талаар ярилцаж, кино урлагийг хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллана гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал илэрхийллээ. Уулзалтын хүрээнд Дархан хотод зургаадугаар сарын 12-нд Соёлын сэргэлтийн нээлт болох бөгөөд энэ үеэр “Кинонд ээлтэй Дархан” хөтөлбөрийг танилцуулж, батлахаар боллоо.


“Кинонд ээлтэй Дархан” болох зорилтын эхний уулзалтаар Соёл урлагийн газар, кино салбарын төлөөллүүд Дархан хотод кино үйлдвэрлэлийн зураг авалтын павильон байгуулах газар болон дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Бүтээн байгуулалтад зориулсан зардлыг кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлж, дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллаж, Дархан хотод түүхэн болон бүх цаг үеийн кино зураг авахад тохиромжтой объект, барилга, байшингийн өнгө төрхийг хадгалах үүднээс тэдгээр газруудыг соёлын өвийн чиглэлээр хадгалан үлдээхэд анхаарах, Дархан-Уул аймагт кино урлагийн салбар зөвлөл байгуулах, Дархан кино фестиваль зохион байгуулах, кино урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэх сургалт, хувцас техник хэрэгслийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг хийх талаар санал солилцлоо.


Дархан-Уул аймаг кино урлагийг дэмжсэнээр орон нутагт кино урлаг хөгжих, аялал жуулчлалын болон бусад салбарт хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдэх, жижиг дунд үйлдвэрлэл хүрээгээ тэлэх зэрэг эдийн засаг, санхүүгийн боломжууд нээгдэнэ гэж орон нутгийн удирдлагууд онцолж байна.


 

 

Related news