“Apple” компанийн орлого буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-05 13:34:32

НЬЮ-ЙОРК. /CNN/. Хэрэглэгчид эдийн засгийн хямралаас болгоомжлон ухаалаг гар утас, компьютерт зарцуулах зардлаа танах болоод байгаа энэ үед Америкийн “Apple” компанийн энэ оны эхний улирлын орлого 94.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 хувиар буурчээ. 


Тус компанийн орлого “Wall Street”-ийн шинжээчдийн таамаглаж байснаас үл ялиг сайн үзүүлэлттэй гарсан ч хоёр дахь улиралдаа дараалан буурсан дүн үзүүлсэн байна. Түүнчлэн цэвэр ашиг нь өмнөх оныхоос 3 гаруй хувиар буурч, 24.2 тэрбум ам.долларт хүрчээ.


Гэхдээ орлого буурсан ч таатай үзүүлэлтүүд ч мөн ажиглагдсан байна. “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кукийн мэдэгдсэнээр, “iPhone”-ийн нэгдүгээр улирлын борлуулалт макроэдийн засгийн нөхцөл хүндхэн байгааг үл харгалзан хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрснээс гадна идэвхтэй хэрэглэгдэж буй төхөөрөмжүүдийн тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.


Мөн “Apple Music”, “Apple TV+” зэрэг үйлчилгээнүүд багтдаг “Apple”-ийн үйлчилгээний бизнесийн орлого нэгдүгээр улиралд 20.9 тэрбум ам.долларт буюу хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Өдгөө “Apple”-ийн үйлчилгээнүүд 975 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгааг өнгөрсөн оныхтой харьцуулахад 150 саяар нэмэгджээ.


Суурин компьютер, ухаалаг гар утасны борлуулалт цар тахлын эхэн үеэр дэлхий даяар огцом өссөнийхөө дараа буурах болоод буй. “Gartner” судалгааны компанийн мэдээлснээр, дэлхийн суурин компьютерын нийлүүлэлт 2023 оны эхний улиралд өмнөх оныхоос 30 хувиар буурчээ. Мөн ухаалаг гар утасны нийлүүлэлт өнгөрсөн улиралд 14.6 хувиар буурсан талаар “IDC” фирм мэдээлсэн билээ. 

Related news