ДАРХАН-УУЛ: Эрүүл мэндийн салбарын ажилчдын 45 орчим хувийг сувилагч, тусгай мэргэжилтэн эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-12 20:52:51

Дархан /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбар 1500 гаруй ажилтантай, үүний 45 орчим хувь нь сувилагч, тусгай мэргэжилтэн ажээ. 


Тодруулбал, 683 сувилагч, тусгай мэргэжилтэн, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 400 орчим сувилагч, тусгай мэргэжилтэн ажилладаг бол ӨЭМТ, сумдын ЭМТ, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үлдсэн хувь нь ажилладаг.


Олон улсын сувилагчдын өдрийн хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг шагнан урамшуулах, алдаршуулах үйл ажиллагаа Залуучууд театрт боллоо. Энэ үеэр Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн сувилагч Г.Ганчимэг, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн Б.Бямбацогт нарын арван сувилагч, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр Аминхолбоо ӨЭМТ-ийн сувилагч Ч.Жаргалмаа, Шарын гол сумын ЭМТ-ийн сувилагч А.Мария нарын 13 сувилагч шагнууллаа.


Мөн “Манлайлагч сувилагч”-аар Аминхолбоо ӨЭМТ-ийн сувилагч Н.Батхишиг, “Эерэг хандлагатай-Ёс зүйтэй сувилагч”-аар Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ээлжийн сувилагч Н.Туяа, “Шилдэг зохион байгуулагч сувилагч”-аар Сэтгэцийн тасгийн сувилагч С.Мөнхцолмон, “Шилдэг залуу сувилагч”-аар Мэдээгүйжүүлэх эрчим эмчилгээний тасгийн сувилагч Б.Бямбадорж, “Чадварлаг сувилагч”-аар Нэгдсэн эмнэлгийн ХАЯТТ-ын сувилагч Д.Нарантөгс, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч сувилагч”-аар хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний сувилагч Г.Эрдэнэчимэг, “Шилдэг өрх, сумын тусгай мэргэжилтэн”-ээр  Шарын гол сумын ЭМТ-ийн бага эмч Х.Энхээ, “Бүтээлч шинийг санаачлагч сувилагч”-аар Харзтай эмнэлгийн сувилахуйн албаны дарга Д.Отгонсүрэн, “Судлаач сувилагч”-аар нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн ахлах сувилагч Р.Оюунтуяа, Х.Ганчимэг, Ж.Мичидмаа нар шалгарчээ.




Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос жил “Мөнгөн дэнлүү” шагналын эздийг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн шилдэг “Мөнгөн дэнлүү”-ний эздээр Ц.Учрал, Ж.Лхам, Н.Амаржаргал, Э.Оюунмаа, Э.Зандраарагчаа нар тодорч шагналаа гардан авлаа.

Олон улсын сувилагчдын өдрийг баяр нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна сувилагч, тусгай мэргэжилтнийг ажлын байранд нь чадавхжуулах сургалт, дотоод гадаадад мэргэжил дээшлүүлэх, тэмдэглэлт өдрийг угтсан эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулжээ.

Түүнчлэн сувилагч, тусгай мэргэжилтний цалин, хөлс бага учраас сүүлийн жилүүдэд ажил мэргэжлээ солих, гадаадад ажиллах хүсэлтэй болсон байна.

Дархан-Уул аймгийн хувьд сувилагч, тусгай мэргэжилтэн бэлтгэх бааз суурьтай учраас боловсон хүчний хомсдолд төдийлөн ордоггүй ч ажлын ачаалал их, цалин бага учраас  чөлөө авах, гадаадын элчин сайдын яам руу хаягласан тодорхойлолт авах нь ихэссэн гэж Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга А.Оюун-Эрдэнэ онцлов.

Олон улсад нэг эмчид дөрвөн сувилагч оногддог бол Монгол улсад нэг эмч нэг сувилагчтай ажилладаг аж. Харин гадаад улс орнуудад нэг сувилагч 4-8 өвчтөнд үйлчилдэг бол манай улсын тухайд нэг сувилагч 15-20 өвчтөнд хүрч ажиллаж байна. Ачаалал ихтэй, сувилагч дутагдалтай газар 35-50 хүнд үйлчилдэг ажээ. Энэ мэт ажлын хүнд нөхцөл, ачаалал, мөн цалин бага учраас шинэ залуу төгсөгчид мэргэжлээрээ ажиллахыг хүсэхгүй, үндсэн ажилтнууд ажлаас гарах хандлага ч улсын хэмжээнд ажиглагдах болжээ.


Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа хэдий ч ажлын ачаалал, авсан цалин хоорондоо эрс тэс ялгаатай гэдгийг ч сувилагч, тусгай мэргэжилтнүүд онцолж байна. Өнөөдрийн байдлаар ӨЭМТ-д ажиллаж буй сувилагчид нэг сая орчим төгрөг, нэгдсэн эмнэлгийн ээлжийн сувилагчид ажил үйлчилгээний онцлог, гараанаас шалтгаалан 600.0-900.0 мянга орчим төгрөгийн цалин авдаг ажээ.


Түүнчлэн цалин нэмэгдүүлэхээс гадна орон сууцны асуудлыг шийдвэрлэж, бага хүүтэй зээлд хамруулбал сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ажиллах урам, зориг нэмэгдэж, шинэ залуу боловсон хүчнүүд ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах нөхцөл боломж бүрдэх боломжтой гэж салбарынхан онцолж байна. 

Related news