ЗАВХАН: Шагайн харвааны зурхайг 21 сургуульд гардуулан өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-23 12:16:43

Улиастай /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн ардын урлаг, соёлын "Яргуй" наадам болж байна.

Энэ жил тус наадамд Завханы 24 сумын ерөнхий боловсролын сургууль, Политехник коллеж, сумдын Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн 810 суралцагч оролцож байна. Эдгээр хүүхдүүд ардын урлаг, соёлын найман төрөлд өөрийн авъяас чадвараа сорин өрсөлдөх юм. Яргуй наадмын онцлох төрлүүдийн нэг болох үндэсний шагайн харвааны тэмцээнд 18 багийн 140 орчим өсвөрийн харваач цэц мэргэнээ сорин наадаж байна.


Шагайн харвааны наадмын нээлтийн үеэр аймгийн ерөнхий боловсролын 21 сургуульд сургалтын зурхай олголоо. Даян мэргэн төсөл ажлын хүрээнд сум бүрийн ерөнхий боловсролын сургуулиуд дэргэдээ шагайн клуб байгуулсан бөгөөд эдгээр клубүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттай хийж буйн нэг нь сургалтын зурхай олгох ажил юм.


Шагайн харвааны зурхай гэдэг нь: Хасаагаа өрөх зориулалттай дөрвөлжин мод юм. Зурхайг агар, суман, сүүүлийн үед үнэт мод ховордсоноос урд зүгийн хүрэн мод зэрэг сайхан өнгө, үнэртэй юмуу эсвэл маш хатуу модоор голдуу босоо ширхэгтэйгээр урладаг. Зурхайг “сэнтий” гэх тавиур дээр тавьдаг.



Завхан аймаг нь шагайн соёлын өлгий нутаг юм. Ялангуяа Сартуул шагайн харваагаар сүүлийн 200 гаруй жил таваас зургаан үе дамжин харвасан харваачид цөөнгүй бий. Өнөөдөр аймгийн хэмжээнд 160 гаруй шагайн харвааны соёлын өв тээгч, насанд хүрэгчид бүртгэлтэй байна. Тиймээс шагайн харвааг хөгжүүлэх, хадгалах нь зайлшгүй шаардлагатай болоод буй юм.


Шагайн харвааг сонирхол татахуйц олон төрөлт хэлбэрээр хөгжүүлснээр хүүхэд залуучуудад уламжлалт зан үйл, өв соёлын цогц мэдлэгийг түгээх.

Нийгэмд эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцох зэрэг олон үр дүн гарна гэж аймгийн Даян мэргэн харваачдын холбооноос мэдээлэв.



"Даян мэргэн" төслийг эхлэл, суралцахуйн, дэлгэрлийн гэсэн гурван үе шаттайгаар 2024 он хүртэл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд шагайн харвааны багш, дасгалжуулагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх. Аймгийн хэмжээнд 33-аас доошгүй дугуйлан, клубийг байгуулах. Сум бүр өсвөрийн болон насанд хүрэгчдийн багтай болж 1000-аас доошгүй шагайчдыг бэлтгэх. Шагайн харвааг орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын үйл ажиллагааны нэгэн төрөл болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөжээ.


Энэхүү төсөл нь нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, монгол өв соёлын дархлааг бий болгох юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харваа нь хүүхэд, залуучуудын хөгжил, соёл, хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, зөв үлгэрлэл, манлайллыг бий болгодог эртний уламжлалт наадаан юм.

Тиймээс тус аймаг шагайн соёлын өлгий нутаг болохын хувьд өв тээгчдээ алдаршуулах, тэдний арга барил, өвөрмөц чадваруудыг таниулах. Өвлүүлэн уламжлуулах, шагайн харвааг сэргээн дэлгэрүүлж, хөгжүүлэх. Монгол өв, соёлын дархлааг бий болгох, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит нөлөө үзүүлэх зорилгоор 2021 оноос “Даян мэргэн” үйл ажиллагааг хэрэгжүүлж буй.


2000 гаруй жилийн өмнөөс монголчуудын эв эе, нөхөрлөлийн нэгэн чухал илэрхийлэл болсоор өнөө цагт уламжлагдан ирсэн энэхүү түүхэн спорт, тоглоомыг орон нутгийн хүүхэд, залуучуудад 2024 он хүртэл тусгай төлөвлөгөөний хүрээнд сурталчлан таниулж, өвлүүлэн үлдээх аж. 

Related news