ХЭНТИЙ: Орон нутагт шаардлагатай мэргэжилтнийг дэмждэг хөтөлбөрт өөрчлөлт орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. “Зөгийн үүр” хөтөлбөр буюу Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг энэ сарын 4-нд болсон аймгийн ИТХ-ын 20 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Тодруулбал 2021 оноос хэрэгжиж буй тус хөтөлбөрт орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцаж буй 3, 4 дүгээр дамжааны оюутнууд болон төрийн албан хаагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Өмнөх жилүүдэд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулан санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байсан бол энэ жил орон нутгийн төсөвт 120 сая төгрөг баталжээ.
Ингэснээр Дорноговь аймгийн АШУҮИС-д хоёр оюутан, МУБИС-ийн нэг оюутан, Нэгдсэн эмнэлгээс дөрвөн сувилагч, Галшар сумын ЭМТ-ийн гурван сувилагч, аймгийн ЗДТГ-аас нэг албан хаагч, Тэмүүжин ЦС-нэг багш, Хэнтий ус ХХК-ийн хоёр албан хаагч, Улсын бүртгэлийн хэлтсээс 13 улсын бүртгэгч зэрэг 27 оюутан болон төрийн албан хаагчид 40 орчим сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн байна. Ингэхдээ оюутнуудад сүүлийн хоёр жилийн сургалтын төлбөрийг 100 хувь олгосон бол төрийн албан хаагчдад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ.
Энэ удаад төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдийг сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх, оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг 100 хувь, төрийн албан хаагчдад 50 хувь хүртэл олгодог байхаар өөрчлөлт оруулсан байна.
Сургалтын төлбөрийн дэмжлэг авсан оюутнууд нь таван жил аймаг орон нутагтаа ажиллах гэрээ байгуулдаг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 50 хувиар алданги тооцон эргүүлэн төлөхөөр заажээ.