УОК: Хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах магадлалтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2023-07-28 14:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ ойрын өдрүүдэд үргэлжлэх хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах магадлалтай байгааг сэрэмжлүүлэв. 


Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Долдугаар сарын эхнээс үргэлжлэн орсон болон аадар борооны улмаас Онцгой байдлын байгууллагад нийслэлийн 9 дүүрэг, 13 аймгийн 18 сумаас голын ус эргээсээ хальж, үерт автлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Үерийн улмаас айлын гэр, хашаа байшин, орон сууц, албан байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, машин зэрэг эд хөрөнгө болон авто зам, төмөр зам, гүүр эвдэрсэн. Мөн цахилгаан, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн гэмтэл гарсныг тухайн байгууллага, ажилтнууд сэргээн засах арга хэмжээг авч ажиллалаа. Энэхүү нөхцөл байдлыг Улсын онцгой комиссоос Засгийн газарт танилцуулсаны хүрээнд шаардлагатай хөрөнгийг гаргахаар шийдвэрлээд байна.


Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлээд байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор завьт болон морьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг явуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг авч хэрэгжүүлж буй.


Харамсалтай нь, он гарсаар үер усны 32 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 37 хүн амиа насаа алдсан байна. Үүний 25 нь том хүн, 12 нь хүүхэд. Өнөөдрийн байдлаар, хоёр ч гол усны дуудлага дээр ажиллаж байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.


Иймд гол усны эрэг нурах эрсдэлийг тооцоолж эрэг хавиар отоглохгүй байх, хүүхдийг ус руу тоглуулахгүй байх, хийлдэг завь, гудас хэрэглэхгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд сэлэхгүй байх, унаа машиндаа эрдэж нуур ус гатлахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд үргэлжлэх хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах магадлалтай. Мөн халалтын дараа борооших тул мэргэжлийн байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлгийг дагаж мөрдөх хэрэгтэй” гэв.

Related news