ДАРХАН-УУЛ: Бага насны хүүхдүүд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-16 08:45:21

Дархан /МОНЦАМЭ/. Дархан хотод гэр бүлээрээ шилжин ирж хүн ардын төлөө тангараг өргөн эрүүл мэндийн манаанд зогсож буй залуу боловсон хүчний нэг нь "Цээнэ" клиникийн дүрс, оношилгооны эмч Б.Бямбабаяр юм. Тэрбээр Улаанбаатар хотоос гэр бүлийн хамт шилжин ирээд таван сар болжээ.



Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг Б.Бямбабаяр удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж буй аж. Түүний эхнэр сувилагч мэргэжилтэй, удахгүй амаржина.


Дархан хотын төдийгүй улсын хэмжээнд эмчилгээ, үйлчилгээгээрээ дээгүүрт тооцогддог "Цээнэ" клиникийн эмчээр ажиллаж буйдаа баяртай байдаг хэмээн ярих Б.Бямбабаяр их хотын стресс бухимдлаас холдож залуусын хотод ирсэн нь зөв сонголт байсан гэв. Тэрбээр өөрийн цахим хуудастаа нойр булчирхайн өвчлөлийн талаар нэгэн мэдээлэл оруулсан нь сонирхол татаж зарим зүйлийг тодрууллаа.


-Сайн байна уу? Таны цахим хуудаст оруулсан мэдээллийг уншаад зарим зүйлийг тодруулахаар зориод ирлээ. Ярилцлага өгөх боломж бий болов уу?

-Өдрийн мэнд ээ. Ажил ихтэй зав муутай л сууж байна. Одоо эрт илрүүлгийн үзлэг хийгдэх болохоор цаг авсан үйчлүүлэгчид маань ирсэн байна. Бидэнд таван минут л байна. 

 

-За баярлалаа. Хүүхдүүдэд хийсэн үзлэгээр нойр булчирхайн үрэвсэл их байгааг онцолсон байсан. Үүний талаар мэдээлэл өгөөч?

-Мэргэжил нэгт эмч нар маань дундын групп чаттай. Хоорондоо холбогдож хорин нэг хоногийн давтамжтай урьдчилан сэргийлэх үзлэг хийгддэг. Өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар хотод 44 хүүхэд, даваа гарагт Дархан хотод 34 хүүхдэд үзлэг хийсэн. Үүнээс юу ажиглагдсан бэ гэхээр нойр булчирхайн архаг үрэвсэл сэтгэл зовоож, харамсмаар санагдсан.


-Жаахан тодруулаач. Хэдээс хэдэн насны хүүхдүүдэд зонхилон тохиолдож байна. Шалтгаан нь юу байв?

-Энэ бол ерөөсөө л эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хүүхдэдээ тавих хяналт сул, тэдний хоолонд төдийлэн анхаадаггүйн нэгэн илэрхийлэл юм. Дээрх үзлэгээс арван хоёр хүүхэд нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гарсан. Насны тухайд 3-18 насны хүүхдүүд байсан. Эход харахад нойр булчирхайн архаг үрэвслийн шинжүүд илэрсэн. Энэ шинжүүд ямар тохиолдолд илэрдэг вэ гэхээр цочмог үрэвслийн дараагаар архаг үрэвсэл болж, нойр булчирхайн гадаргуун бүтцэд өөрчлөлт орж байгаа үед илэрдэгБага насны хүүхдийн тухайд дээр хэлсэнчлэн буруу хооллолт, таргалалт, мөн эмийн шалтгаантай байж болно. Маш цөөн тохиолдолд удамшлын шалтгаантай байдаг.


-Насанд хүрсэн хүмүүс нойр булчирхай өвдөж буйг мэддэг. Хүүхдэд ямар зовуурь илрэх вэ?

-Ихэвчлэн гэдэс өвдөж байна гэдэг. Хэсэг өвдөж байгаад болих ч юм уу? Эсвэл гэдэс л өвдөж байна гээд анзаарахгүй орхих үе ч байдаг хүүхдүүдэд.


-Хүнсний хэрэглээндээ илүү анхаарах цаг болсон гэдгийг анхааруулж буй илрэл болов уу? Томчууд гэлтгүй хүүхдүүд юунд илүү анхаарах ёстой вэ?

-Тэгэлгүй яах вэ. Хүнсний аюулгүй байдал маш чухал. Хэт их нүүрс усны хэрэглээтэй холбоотой, амтлаг хоол хүнс буюу чихэр, шоколад, өөх, тос агуулсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, чипс гэх мэт зүйлийг хүүхдэд өгмөөргүй байна. Энэ бүхний нөлөөгөөр архаг үрэвсэлтэй болж байна.


-Тухайн өвчний судалгаа Монголд хийгддэг үү? Дэлхийн аль улсад илүү өвчлөл бүртгэгдэж байна...

г энэ талаар Монголд хийгдсэн судалгаа байхгүй. Америк тивийн улс, орнуудын судалгааг харахаар нойр булчирхайн цочмог үрэвсэл өндөр байдаг. Тухайлбал, АНУ-д нэлээн их өндөр, сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Манай улсад ч гэсэн миний мэдэхээр сүүлийн нэг жилийн хугацаанд тоо нь огцом өсөж байна.


-Цаашид хэрхэн анхаарах вэ?

-Тэгэхээр хүүхдийг энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд маш сайн хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Хүүхдэд зориулсан хоолыг тусад нь жорын дагуу гаргаж өгөх хэрэгтэй. Хоол зүйчид, ялангуяа хүүхдийн хоол зүйчид маш сайн ажиллах хэрэгтэй гэж боддог.


Урьдчилан сэргийлэх байдлаар нийгмийн эрүүл мэнд талаас нь эрүүл зөв хооллолтыг хэрэгжүүлж,  эцэг эх, эмч, хоол зүйч, сургуулийн багш нар хүртэл өөрсдөө судалж, хүүхдүүдэд энэ талын мэдээллүүдийг өгөх зайлшгүй шаардлагатай.


Дэлхийн сүлжээ хоолны газрууд жил бүр л нэмэгдэж байна. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааг буруутгахгүй, гэхдээ байнгын реклам, сурталчилгаа явуулж буй олон төрлийн тахиан махан хоол, пицца гэх мэт түргэн хоолны газруудаас авч хэрэглээд байвал өвчлөл улам л нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс энэ төрлийн хоол, хүнснээс аль болох хэрэглэхгүй байх, татгалзах хэрэгтэй. Хүүхдийг аль болох хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй.


-Нойр булчирхай нь өвддөг гэж ярих хүмүүс нэмэгдсэн нь ажиглагддаг. Зөвлөгөөг хэрхэн хаанаас авах ёстой вэ? Сошиал хөгжсөн нийгэмд мэргэжлийн бус зөвлөгөө авах тохиолдол байдаг. Зөвхөн томчуудын нойр булчирхай өвддөг гэдэг ойлголт таны үзлэг, оношилгоогоор үгүйсгэгдэж хүүхдийнх хүртэл өвдөг байх нь...

-Зарим нь өөрөө өөртөө эмч ч гэж ярьдаг. Үнэндээ мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ, оношилгоогоор ямар түвшинд байгаа, ямар эмчилгээ хэрхэн хийх талаар заавар зөвлөмж авах нь маш чухал. Дур мэдэж эмчилж болохгүй. Тухайлбал, нэг хүүхэд магадгүй 40 насандаа өвдөх ёстой байсан өвчлөлөөрөө гурван настайдаа өвдөж байна. Тэгэхээр тэр 40 нас хүртлээ энэ зовуурьтайгаа явна гэсэн үг. Магадгүй одоо байгаагаасаа илүү зовууриуд ч өгч болно. 40 насандаа өвдөх ёстой байсан өвчнөөр гурван настайдаа өвдчихөөр үлдсэн 37 жилээ тэрхүү илрэх зовууриар амьдарч ирнэ гэсэн үг. Тиймээс иргэддээ, эцэг эхчүүддээ анхааруулж буй зүйл нь хүүхдийнхээ хооллолт дээр маш сайн анхааръя. 40 настны өвчнийг 4 настай хүүхэдтэй өвлүүлэхгүйн тулд эрүүл хооллоё, ирээдүйн гэрэл гэгээ болсон бяцхан үрсдээ дуртай зүйлийг нь авч өгч байна, хайрлаж байна гэж өвчин битгий худалдаж авч өгөөчээ гэж хэлмээр байна.


-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.


Related news