ДАРХАН-УУЛ: Хүлэмжийн ногооны шууд худалдаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-21 08:16:09

Дархан /МОНЦАМЭ/. Дархан сумын ЗДТГ, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран аймгийн хэмжээнд хүлэмжийн аж ахуй эрхлэгч, бичил үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, борлуулалтыг дэмжих зорилгоор “Эртэч зах”-ыг ажиллуулж эхэллээ.


Энэхүү зах Дархан сумын арвандөрөвдүгээр багийн нутаг, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн гадна талбайд ажлын өдөр 07:00-10:00 цаг,  амралтын өдөр 09:00-12:00 цагийн хооронд ажиллах ажээ.



Эртэч захын асарт хүлэмжид тариалсан бүх төрлийн нарийн ногоо худалдаална. Жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгчдийн гар дамжаагүй хүнсний ногоог тариалагчдаас шууд худалдан авах боломжтой гэдгээрээ эртэч захын үйл ажиллагаа онцлог аж.


Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг дэмжиж “Худалдааны гудамж”-аар дамжуулан шууд худалдаа хийх боломжийг нээж өгч байв.


Харин энэ жил Дархан сумын ЗДТГ-аас хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж иргэдэд эрүүл, чанартай хүнсний ногоог шууд худалдааг нэг дороос авах боломжийг нээлээ. Эртэч захын үйл ажиллагаа нэг сар үргэлжлэх аж.

Related news